Герман өөрчлөгдөх үү?

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

Герман өөрчлөгдөх үү?

Эргэн нэгдсэнээс хойшхи 23 дахь сонгууль, ирэх амралтын өдөр баруун европийн зүрхэнд эхэлнэ. Герман улсад болж өнгөрсөн сүүлийн долоон сонгуулийн үр дүнг ажиглавал сонин зүй тогтол ажиглагддаг. Учир юу хэмээвээс Эрх барьж буй нам найман жилийн хугацаанд л эрх мэдэлдээ хэвээр үлддэг. Арай өөрөөр хэлбэл, түмний сонголт аль ч намд найман жилээс илүүгүй хугацааг олгодог аж. Шинэ цагийн Германы хамгийн хүчтэй лидер гэгдэж байсан Герхард Шройдер ч 2005 онд энэ л жишгээр Ангела Меркелд суудлаа тавьж өгөхөөс өөр аргагүй болсон билээ. Найман жилийн өмнөх Шройдерийн нэр хүнд одоогийн Меркел шиг байлаа. Хэн ч түүнийг Христийн ардчилсан намын эмэгтэй нэр дэвшигчд ялагдана гэж санаагүй. Гэхдээ энэ үйл явдал болсон юм. Энэ үйл явдлын дараа Меркель дэлхийн хамгийн хүчтэй эмэгтэй болсон. Харин түүнд энэ эрх мэдлийг хэн өглөө…

Өрсөлдөгч байна уу

Байгаа. Гэхдээ саналын дүнг эргүүлж чадах хүчтэй өрсөлдөгч байгаа эсэх нь эргэлзээтэй. Зүй тогтолыг ажиглавал 1994 онд холбооны сонгуульд Христийн ардчилсан намын Хелмут Кёлыг, Социал демократ намын Герхард Шройдер ялсан. Харин 2005 онд Социал демократ намын Шройдерыг, Христийн ардчилсан намын Ангела Меркель ялсан. Эргэн нэгдсэнээс хойш энэ хоёр нам л дээр, доороо оролцон, Германы засгийг атгалцаж байсан билээ. Үүнээс харвал одоо Социаль демократуудын ээлж. Өөрөөр хэлбэл Пеер Штайнбрукын ээлж таарч байна. Штайнбрукын хувьд европийн холбоонд эзэлж байгаа байр суурь дээр Меркелийг шүүмжилдэггүй ч явуулж буй бодлого нь Германы нэр хүндийг унагаадаг хэмээн шүүмжилдэг. Тэгээд ч сүүлийн хоёр сарын хугацаанд Германы үйлдвэрлэл бага зэрэг уналттай гарсан нь Штайнбрукын хувьд маш том өгөөш болсон. Тийм ч учраас энэ сонгуулийн сурталчилгааны гол байг үүн рүү чиглүүлж байгаа. Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн мэтгэлцээнд Меркель ч, Штайнбрук ч хэн, хэнээсээ илүү гарч чадаагүй. Харин тэдний дунд Чөлөөт демократ намаас нэр дэвшигч Райнер Брюдэрл томоохон тоглогч болж орж ирлээ. Тэр хүчтэй дуу хоолойг энэ удаагийн сонгуульд “өргөж” байгаа. Тэр энэ удаагийн сонгууль зүй тогтол дээр тоглож байгаа. Герман улс эргэн нэгдсэнээс хойш энэ хоёр намыг л сонгож байсан. Одоо шинэ хүчинд боломж олгох хэрэгтэй. Энэ бол сонгуулийн гол мессеж. Сүүлийн хэдэн жил Германы тэргүүлдэг Европийн холбоо ганхаж эхэлсэн. Том гүрнүүд эхнээсээ гарах сануулга өгч байгаа зэргийг Брюдэл сануулж байгаа. Одоохондоо сонгуулийн өмнөх рейтингээр Меркелийн дараа шил дараад Брюдэл бичигдэж байгаа бол олон хувиар тасралгүй Штайнбрук удаалж яваа.
 
Бусдад боломж бий гэж үү. Сөрөг хүчний тэргүүнүүд, Ногоон намын удирдагчид санал хуваалцаж болох ч энэ гурван өрсөлдөгчдөд томоохон саадыг тэд учруулах нь юу л бол. Энэ хоёр нам нийлээд өнгөрсөн сонгуульд 144 суудал авч байсан билээ. Энэ удаад ч суудал нь үүнээс нэг их өөрчлөгдөхгүй л болов уу…

Сонгуулийн чимээ

Германы сонгуулийн чимээ бүх европ даяар, цаашлаад дэлхийн санхүүгийн зах зээлд ч нөлөөлж байгаа. DAX индекс болоод германы томоохон хувьцаанууд хоёр долоо хоногийн хугацаанд бага зэрэг унаж байгаа. Тийм учраас хөрөнгийн зах зээлийн томоохон тоглогчид Германы сонгуулийг харгалзаж, хүчтэй арилжаа хийхгүй байгаа юм. Воллстрийт ч гэсэн томоохон наймаа, арилжаа хийлгүй ерөнхийдөө харзнаж байгаа билээ. Грек тэргүүтэй хямрал дагуулж байгаа бүс нутгуудад Меркелийг энэ удаагийн сонгуульд битгий ялаасай хэмээн залбирч байгаа. Гэхдээ хэн ч байсан тэдний хэтийн төлөвт томоохон үр дүнг үзүүлж чадахгүй нь тодорхой. 2008 оноос эхэлсэн эдийн засгийн хямралын дараахан европийн холбооны хямрал залгасан. Европийн бүс нутагт дөнгөж хөл дээрээ тогтож байсан Грек зэрэг жижиг улсууд хамгийн эхний цохилтод өртсөн. Дараа нь Португаль, Испани, Ирланд гэх зэрэг улсууд тэдний замаар замнах гэж байна. Маш том эдийн засаг гэгдэх Францын байдал ч сайнгүй байгаа. Энэ бол өнгөрсөн жилүүдэд болж өнгөрсөн европийн дүр зураг. Зөвхөн энэ л асуудал Меркелд гадаад, дотоодын олон шүүмжлэгчдийг бий болгосон билээ.

Шройдер, Меркель найман жилийн зааг

Харьцуулъя л даа. 1994 оны холбооны сонгуульд засгийн эрх барьж байсан Христийн ардчилсан намыг, Социаль демократ нам ялсан. Ингэж Герхард Шройдер Германыг тэргүүлэх болов. Түүнд Германы иргэд найман жилийн хугацааг өгсөн. Тухайн үедээ Европийн холбооны тэргүүлэх эдийн засаг болгох зорилго тавьж, ажилгүйдлийг бууруулна гэсэн уриатайгаар өрсөлдсөн. Эргэн нэгдээд удаагүй байсан Герман улсад нийт 4 сая гаруй хүн ажилгүй байсан юм. Нэгдлийн дараах их хямралын жилүүдэд Шройдер засгийн эрхэнд гарч дөрөвхөн жилийн дотор энэ тоог 50 гаруй хувиар бууруулж чадсан. Нөгөөтэйгүүр Европийн холбоо гэх том байгууллагыг байгуулах болсон. Үүний толгойд Герман улс байсан юм. Тухайн үедээ европийн 12 улс нэгдэн байгуулж байсан энэ холбоо тусдаа мөнгөн тэмдэгттэй болж, мөнгөн тэмдэгтийн ханшийг тухайн үеийн Германы дойчмаркын ханшаар тогтоосон. Энэ бүх үйл явдал Шройдерийн нэр хүндийг суга өсгөж байлаа. Тийм ч учраас түүнтэй адилтгах нэгнийг олж хараагүй байсан хэрэг. Гэхдээ 2005 оны сонгууль бүгдийг өөрчилсөн. Энэ удаад Социаль демократ намыг, Христийн ардчилсан нам ялав. Ялагчийн дүр Ангела Меркель рүү хазайсан билээ. Шройдерээс ялгаатай нь Меркель эргэн сэргэсэн Герман ороныг толгойлохоор болсон юм. Харин тэр Германы байр суурийг дэлхий нийтэд өндөрсгөх, дэлхийн зах зээлд том тоглогч болгох амбицтай орж ирсэн. Дэлхийн эдийн засгийн хямралыг эс тооцвол Герман улсын эдийн засаг бүдрээгүй. Дэлхийн эдийн засгийн хямралаар ч томоохон эрсдэлийг дагуулаагүй билээ. Герман тэргүүлэгч хэвээрээ байж, эдийн засаг нь европийн дийлэнх улсаас өндөр байгаа. Тэдэнтэй хамт ийм цолыг Их Британи, Голланд, Швед, Дани зэрэг улсууд л эзэмшдэг юм.

***

Европ болоод дэлхийн эдийн засаг дахь зузаан түрийвчний нэг Герман улс энэ амралтын өдөр удирдагчдаа сонгоно. Сонголт ямар байхаас шалтгаалаад дэлхийн хөрөнгийн зах зээлийн ирэх хэдэн сарын өнгө тодорхойлогдоно. Эрх барьж байгаа нам суудлаа сөрөг хүчинд алдвал европийн томоохон индексүүд унах нь гарцаагүй. Хэн ялахыг мэдэхгүй ч, нэг л зүйл тодорхой байна. Европийн холбоонд Испани, Франц, Ирланд, Португал, Грек тэргүүтэй 10 гаруй улсын улстөрчид Меркелийг ялагдаасай хэмээн залбирч байгаа. Зүй тогтол одоохондоо тэдний талд байна.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж