&#34АНУ-д эх орноо хамгаалдаг цэргүүд хэрэгтэй&#34

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

&#34АНУ-д эх орноо хамгаалдаг цэргүүд хэрэгтэй&#34

АНУ-ын усан цэргийн флотын 37 дахь дэд командлагч, таван одтой хурандаа III Марк Фергусон Вашингтон хотод байрлах Тэнгисийн цэргийн бааз руу халдсан усан цэрэг Аарон Аликсисын талаар болон сүүлийн үед эх орноосоо урваж байгаа цэргүүдийн талаар www.wtrf.com сайтад ярилцлага өгснийг товчлон хүргэж байна.

-Вашингтон хотод саяхан аймшигт хэрэг гарлаа. Нийслэл хотод иймэрхүү халдлага хийж байсан тохиолдол байхгүй. Та­ны хувьд Аарон Алексисийн үйлдлийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Алексис нь 2007-2011 оны хооронд тэнгисийн цэрэгт алба хааж байсан бөгөөд гуравдугаар зэргийн унтер офицер цолтой нэгэн байсан. Батлан хамгаалах яаманд мэдээллийн технологийн гэрээлэгчийн албан үүргийг нэр төртэй гүйцэтгэж байсан. Гэвч түүнийг яагаад дээрх гэмт хэргийг үйлдэх болсон гэдгийг хэлж мэдэхгүй байна. Холбогдох албаныхан шалгаж байгаа. Тэр терроризмтэй тэмцэх дэлхийн дайны цэргийн одон медалиар шагнуулж байсан хүн. Албан үүргээ сайн биелүүлдэг байсан гэж хувийн протокол дээр нь дурьдсан байсан. Би итгэж байна. Түүнд ямар нэг зүйл нөлөөлсөн юм уу, түүнийг хэн нэгэн нь ятгасан, магадгүй ойр дотны хүнийг нь барьцаалсан ч байж болно. Ямар ч байсан эцсийн хариу гартал хэн ч, юу ч хэлж мэдэхгүй байна.

-Яагаад Тэнгисийн цэргийн бааз гэж?

-Энэ бол миний л бодол. АНУ-ын Тэнгисийн цэргийн албанд үүрэг гүйцэтгэж байгаа бүхий л цэрэг эрс эх орноо хамгаалж байгаа. Олон аавын хүү ямар байр суурьтай байдгийг над шиг албан тушаалтай хүн мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, цэргүүдийн үзэл бодол, тэдний хүсэл мөрөөдлийн талаар дарга нар нь мэдэж байх хэрэгтэй. Алексисийн хувьд чухам яагаад Тэнгисийн цэргийн бааз руу халдсан нь тун хачирхалтай. Магадгүй түүнийг гомдоосон байх. Эсвэл түүнийг дарамталдаг байсан байх. Бааз руу халдахаас өөр аргагүй байсан ч юм билүү. Энэ мэт олон л таамаг байна. Манай тэнгисийн цэргийн үүрэг гүйцэтгэгч нараас өмнө нь ийм үйлдэл, зөрчил гаргаж байгаагүй. Энэ хэргийн учрыг олтол би ямар нэг байр суурь илэрхийлмээргүй байна.

-Тэнгисийн цэрэг ч гэлтгүй ер нь АНУ-ын цэрэг эрсийн өнөөгийн байдалд зарим дутаг­дал илрэх болов. Та үүнийг хэр­хэн харж байна вэ?

-Үүнийг нотлох олон жишээ байгаа нь дэлхий нийтийн өмнө биднийг хүнд байдалд оруулж байна. АНУ-ын цэрэг эрсийн үйлдэл, эх орноосоо урвах, халдлага үйлдэх зэрэг олон сөрөг үр дагавруудыг сүүлийн хэдэн жилүүдэд бид хангалттай харлаа. Хугацаат цэрэг, гэрээт цэрэг гэлтгүй бүгд л цэргийн алба хааж байхдаа муу үлгэр дуурайл үзүүлж байна. Уг нь манай улсын цэргийн хүчин дэлхийд гайхагддаг. Гэвч бидний нэр төр, АНУ-ын цэргүүдийн нэр хүндийг зарим хүн унагаж байгаад харамсч байна. Залуучууд ч гэлтгүй ахмад, туршлагатай цэргүүд ч өөрсдийн алдааг хойч үедээ харуулж эхлэв. Энэ бол өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэйг харуулж байгаагийн нэг жишээ. Бидэнд эх орноо хайрладаг, хамгаалдаг цэргүүд л хэрэгтэй. Түүнээс биш цэргийн албан хаагчид биш. Тусгай, холбооны мөрдөн, усан цэрэг, нисэх хүчин гээд л АНУ-ын армийн салбарт энэ сэдвээр ярих цаг ирсэн.

-Шинэчлэлийн хүрээнд юуг хийх ёстой юм бол. Та арай тодорхой ярихгүй юу?

-Гэрээт цэргүүдийн шалгуурыг өндөрсгөх хэрэгтэй. Одоо ажиллаж байгаа цэргийн албан хаагчдыг долоо хоног бүр шалгах тал дээр сайн хяналт тавих хэрэгтэй байна. Дотоодоос нууц задрах, эх орноосоо урвах, халдлага үйлдэх гэдэг нь хяналтаас хэтэрч байгаагийн шинж. Цэргийн алба хааж, ар гэртээ тус дэм болохоос гадна эх орны нэр хүнд, улсын аюулгүй байдал тэдэнтэй хамт хариуцлага болон ирдгийг зарим нь мэддэггүй бололтой.
 
-Жинхэнэ эх орончдын талаар та яриад байна уу?

-Яг тийм. АНУ-ын армид алба хааж байгаа хүн бүрт эх оронч байх сэтгэлгээг төлөвшүүлэх ёстой. Тэгэхгүй бол сүүлийн жилүүдэд тэд зүгээр л нэг төрийн албанд үүрэг гүйцэтгэж, Засгийн газрын төлөө ажиллаж байгаа “ажилчин анги” мэт байгаа нь үнэний ортой юм. АНУ-ын армид алба хаах, зүгээр нэг цэргийн алба хаах хоёр тэс ондоо ойлголт. Эх орныхоо төлөө гэсэн үнэн сэтгэл, зүрхтэй бол хэзээ ч тэд төрсөн газартаа муу зүйл хийхгүй. Энд нэг тийм ойлголт яваад байна. Эх орныхоо төлөө гэсэн ойлголт нь хувийн үзэл бодлоос хэтрэхгүй байгаад гол учир байгаа юм. Хувийн үзэл бодлоо өөрийн хийж буй албан үүргээ ашиглан урвуулан ашиглах, урвах, нутаг нэгтнүүд рүү халдлага үйлдэх зэрэг нь үүнийг баталж байгаа.

-Яг таны хэлээд байгаа энэ бүхэнд хаанаас хяналт зохицуулалт хийх ёстой юм бол?

-АНУ-ын армийн цэргийн ёс зүйн хороо л хариуцна. Цэрэг татлагын комисс, зөвлөл үүнийг хариуцах ёстой. Тэд цэргүүдийг АНУ-ын армид элсүүлэхдээ юун дээр анхаарах, цаашид алба хааж байхад нь хэрхэн хянах, удирдаж байгаа албан тушаалтнуудад нь хэрхэн хүлээлгэн өгөх, хариуцлага тооцох гэх мэт олон чиглэлийн үйл ажиллагааг давхар зохицуулах үүрэгтэй. Ингээд үйл ажиллагаа нь чангараад, цэргүүдийн эрх үүрэг нь нэмэгдээд ирнэ. Ингэхээр эх орныхоо армид алба хаах гэж байгаа цэргүүд шалгарч үлдэнэ. Үнэнийг хэлэхэд бид Иракийн дайныг эхлүүлэхэд л энэ талаар бодолцох ёстой байсан юм. Шинэ цэргүүдэд эрх үүргийг нь сайн ойлгуулах, хариуцлагыг нь хүлээлгэх зарчим зэргийг дутуу ойлгуулж, шууд л цэргийн албанд оруулсан нь хожим ийм байдлыг үүсгэх эхлэл нь болсон.

-АНУ-ын армид шинэ цэрэг элсүүлэх ажиллагаа учир дутагдалтай гэж хэлж болох нь, тийм үү?

-Нэг талаасаа тийм. Нөгөө талаасаа цэргүүдийн үзэл бодол дээр хяналтгүй байдагтай л болчихоод байна.

Б.БААТАР

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж