
Жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг баруун бүсийн 12 дахь удаагийн “Баруун бүс түншлэл 2013” үзэсгэлэн худалдаа явагдаж байна. Увс аймгийн бүх сум, баруун таван аймаг болон ОХУ-ын Тува улсын жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид энэхүү арга хэмжээнд оролцлоо.
Уг үзэсгэлэн худалдаанд мах, сүү, гурилан бүтээгдэхүүн, жимс, төмс хүнсний ногоо, үр тариа, суулгац, газар тариалангийн бүтээгдэхүүн, ноос ноолуур, малын арьс шир түүхий эдийн бүтээгдэхүүн, модон эдлэл, барилгын материал, төмөр эдлэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, оёдол, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, аялал жуулчлал, гэр ахуйд зориулсан бүтээгдэхүүн, нийтийн хоол, үржлийн мал зэрэг төрөл зүйлээр зохион байгуулагдаж байна.
“Баруун бүс түншлэл 2013” үзэсгэлэн худалдааны үеэр дээрх төрөл зүйлүүдийг тус бүрт нь шалгаруулан эхний гурван байрт медаль олгохоос гадна шилдгийн шилдэг бүтээгдэхүүн тодруулах юм. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.
Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын 2013 оны нийгэм эдийн засгийн зорилтод “Баруун бүсийн түншлэл 2013” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар тусгасан. Энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулж хэвшүүлэх зорилгоор тодорхой ажлуудыг тусган ажиллаж байна.
Эх сурвалж: www.uvsu.mn