“Ардын эрх”-ийн чуулган: Төмөр замын шинэчлэл

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

“Ардын эрх”-ийн чуулган: Төмөр замын шинэчлэл

“Ардын эрх”-ийн чуулган: Төмөр замын шинэчлэл
“Ардын эрх” сонин улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдаж буй асуудлуудаар УИХ-ын эрхэм гишүүдийн байр суурийг “Ардын эрх”-ийн чуулган булангаараа хүргэдэг уламжлалтай. Бид өмнө нь “Хөрөнгө орлогын мэдүүлэг”, “Хүүхдийн мөнгө” сэдвүүдээр явуулж байсан. Энэ удаад Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт дурдагдаж буй зарим асуудлаар эрхэм гишүүдийн байр суурийг хүргэж байна.
Бид УИХ-ын 76 гишүүнээс дараах гурван асуултад хариулахыг хүссэн юм.

1.Та Засгийн газраас боловсруулсан Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг дэмжиж байна уу?
а.Дэмжинэ
б.Дэмжихгүй

2.Та Монголын төмөр замын сүлжээг өргөтгөхөд аль чиглэлийг нь дэмжиж байгаа вэ?

а.Зүүн чиглэл
б.Урагшаа чиглэл
в.Хоёуланг нь
3.Та Монголын төмөрзамын сүлжээг өргөтгөх асуудал дээр өргөн нарийн, царигийн аль нь үр ашигтай гэж үздэг вэ?
а.Өргөн
б.Нарийн
в.Хоёулаа

ГИШҮҮДИЙН ХАРИУЛТ
З.Алтай:
-/Хариулаагүй/

П.Алтангэрэл:

1.Дэмжинэ.
2. Зүүн чиглэл
3. Хоёулаа

Н.Алтанхуяг:
1.Дэмжинэ. Намын бүлгийн шийдвэр гарсан. Намын даргын байр суурь үүнээс
өөрөөр байж болдоггүй юм.

Р.Амаржаргал:
-/Томилолттой /

Д.Арвин:
-/Хариулахаас татгалзсан/

Х.Бадамсүрэн:
1. Дэмжинэ. УИХ тун нухацтай хэлэлцэн, сайжруулаад бодлогоо баталж гаргах нь зүйтэй. Бодлогынхоо хүрээнд шийдсэн ажлаа цаашид шууд хийх учиртай.
2. Урагшаа. Төмөр замын сүлжээг өргөтгөх асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа ч эдийн засгийн агуулга, улс орныхоо хөгжил дэвшилд оруулах ач холбогдол, үр өгөөжийн талаас нь бодож, эрэмбэлэх замаар байгуулах хугацааг тогтоох нь зүйтэй. ТЭЗҮ боловсруулсны үндсэн дээр нарийвчлан тодотгох асуудал ч гарах байх.
3.Хоёулаа. Шинээр баригдах төмөр зам нь одоо ашиглагдаж байгаа төмөр замаар төв шугамтай шууд холбогдох болон огтлолцох нөхцөлд цариг өргөн буюу 1520 мм байх нь оновчтой. Харин бүтээгдэхүүн нь улмаар далайн боомтоор дамжин урд хөрш рүү зах зээлд шууд нийлүүлэгдэх үйлдвэрүүдээс хилийн боомт хүрэх чиглэлийн төмөр замын шугамуудад нарийн царигтай буюу дэлхий нийтийн жишиг хандлагаар явах хэрэгтэй. Энэ нь эдийн засгийн талаасаа ач холбогдолтой. Зардал хэмнэх, цаг хугацаа хожих давуу талтай.

Х.Бадельхан:
1. Дэмжинэ.
2. Хоёуланг нь. Тавантолгойгоос урагшаа тавих төмөр замыг хувийн хөрөнгө оруулалтаар хийж болно шүү дээ.
3. Хоёулаа. Бүхэлдээ өргөн царигтай байх ёстой гэж туйлшрах хэрэггүй.

Д.Балдан-Очир:
1. Дэмжинэ.
2.Зүүн
3. Өргөн нь дээр. Одоо манай экспорт, итпорт, гадаад худалдааны эргэлт чинь 1-2 оноос хараат болчихоод байна шүү дээ. Ухаан орсон ямар ч хүүхэд, боловсролтой хүн үүнийг ойлгоно. Аль болох олон олонтой, олон талт эдийн засгийн харилцаатай байхын тулд зүүн төмөр замыг эхлүүлэх хэрэгтэй.

Б.Батбаяр:

-/Томилолттой/

Д.Кёкүшюзан Батбаяр:
1. Дэмжинэ.
2.Хоёуланг нь.
3. Өргөн.

Н.Батбаяр:
-/Хариулаагүй/

Ц.Батбаяр:
1.Дэмжихгүй. Эдийн засгийн хувьд огт ашиггүй.
2. Хоёуланг нь. Аль аль тал руугаа бизнес хийх боломжтой.
3. Хоёулаа. Хойд чиглэлдээ өргөн, урагшаа нарийн зам нь ашигтай.

Су.Батболд:
1. Дэмжихгүй. Ганцханөргөн царигтай байхаар төлөвлөсөн, ТЭЗҮ болон бусад зүйлийг тооцолгүйгээр эхний ээлж, хоёр дахь ээлж гэж хуваасан, дээр нь зах зээлийнхээ одоогийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг ч тусгаагүй байна.
2. Хоёуланг нь. Санхүүгийн болоод бусад нөхцөл боломж нь байвал эдийн засгийн бүсүүдээ ч төмөр замаар холбох нь зүйтэй.
3. Хоёулаа. Монгол Улсын төмөр замын үндсэн суурь сүлжээ нь өргөн царигтай байж, улс орны одоогийн хэрэгцээ шаардлагыг харгалзаад тодорхой ордуудаас нүүрс экспортлох чиглэлүүд рүүгээ нарийн царигийн төмөр зам тавих нь зөв.

Сү.Батболд:
-/Хариулаагүй/

Э.Бат-Үүл:
1.Дэмжинэ
2. Хоёуланг нь
3. Хоёулаа

Ж.Батсуурь:
1./Хариултгүй өгөөгүй/
2. Хоёуланг нь.
3. Мэргэжлийн байгууллагын шийдэх асуудал.

Я.Батсуурь:
-/Томилолттой/

Г.Батхүү:

-/Хариулаагүй/

Б.Бат-Эрдэнэ:
1.Дэмжинэ.
2. Хоёуланг нь.
3. Хоёулаа.

С.Баяр:
-/Өвчтэй/

Г.Баярсайхан:
1.Дэмжинэ. Төмөр зам нь уул уурхайн уул уурхайн үйлдвэрлэлийн амин сүнс учраас энэ төслийг даруй хэрэгжүүлэх шаардлагатай.
2. Хоёуланг нь. Геополитикийн хувьд урд хойд хоёр хөрштэйгээ ижил гарцтай байх нь зөв.
3. Өргөн. Өргөн төмөр зам нь Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар Монголын талд аль болох нэмүү өртөг үлдээх нөхцлийг бүрдүүлнэ.

Ц.Баярсайхан:
1. Дэмжихгүй. Засгийн газрын өргөн барьсан төсөл маш муу боловсруулагдсан, дутуу хагас зүйл болсон. Төмөр замын тээврийн хуулийг зөрчсөн ч зүйл байгаа. Сайн боловсруулах шаардлагатай. Транзит замын асуудлыг голлож шийдвэл улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой.  Замын-Үүд-Сүхбаатарыг холбосон төмөр замаа хос болгож, нэвтрүүлэх чадварыг сайжруулсан бол сайн болох байсан.
2. Зүүн. Эхний ээлжинд Тавантолгойгоос Сайншандыг холбосон төмөр замыг дэмжиж байгаа. Харин энэ замыг Даланзадгадтай холбох ёстой.
3. Хоёулаа. Эдийн засгийн хувьд аль нь ашигтай вэ гэдгийг тооцож үзэх ёстой.


С.Баярцогт:

Дэмжинэ.
Л.Болд:
1.Дэмжинэ.
2. Зүүн
3. Өргөн

Р.Буд:
1. Дэмжинэ. Монгол оронд эрчимтэй хөгжиж байгаа уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлохын тулд төмөр замынхаа үндсэн сүлжээг өргөтгөж хөгжүүлэх нь чухал.
2. Зүүн. Эхний ээлжинд барихаар санал болгосон Тавантолгой-Цагаан суварга-Зүүн баян, Сайншанд-Батуун-Урт-Хөөт-Чойбалсангийн чиглэлийг дэмжиж байгаа. Дараа нь буюу хоёр дахь шатанд барих Нарийн сухайт-Шивээхүран, Ухаахудаг-Гашуун сухайтын төмөр замыг ээлж дараатай, хоёр үе шаттай барих хэрэгтэй. Тавантолгой-Зүүнбаянг холбосон төмөр замыг барьснаар Сайншандад байгуулах аж үйлдвэрийн парк амжилттай хөгжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах үндсэн нөхцөл бүрдэнэ.
3. Хоёулаа. Одоо байгаа өргөн төмөр замтай холбогдох дотоод сүлжээний бүрэлдэхүүн хэсгийг өргөн царигаар барин, харин урд хөрш рүү шууд гарах төмөр замын царигийн асуудлыг нарийвчлан судалж, техник эдийн засгийн үндэслэл боловсруулсны үндсэн дээр шийдвэрлэх шаардлагатай.

С.Бямбацогт:
1.Дэмжинэ.
2. Зүүн. Монгол улс уул уурхайн бүтээгдэхүүнээ гадаад зах зээл рүү тээвэрлэх олон гарцтай байх ёстой. Нэгд, өрсөлдөөн байгаа газар үнэ хямдарч, үйлчилгээ чанартай болно. Хоёрдугаарт, Оюутолгойгоос гарч байгаа зардал бүхэн монголчуудад орлого болж байх ёстой. Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг барьснаар монголчууд Оюутолгой, Тавантолгойд Хятадын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйцүнээр хүнс, хувцас, шатахуун, техник технологи, цемент, арматур гэх мэт барилгын материалыг нийлүүлэх боломж бүрдэнэ. Гуравдугаарт Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулж Монгол Улс баялгаа түүхийгээр нь биш, эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, нэмүү өртөг шингээж, ажлын байр олноор бий болж, Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэнэ.

Н.Ганбямба:
1.Дэмжихгүй. Хуучин технологийн шинэчлэх шаардлагатай.
2. Хоёуланг нь.
3.Нарийн. Дэлхийн жишиг учраас.

Л.Гансүх:
Дэмжинэ.

Л.Гантөмөр:
1. Дэмжинэ. Бодлогоо гаргаагүйгээс төмөр замд хийх хөрөнгө оруулалт саатаж байна.
2. Хоёуланг нь. Энэ төмөр замаараа аль болох нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй.
3. Өргөн. Одоо байгаа үндсэн сүлжээ маань өргөн царигтай байгаа учраас ачааг саадгүй тээвэрлэх ач холбогдолтой.

Д.Ганхуяг:
1.Дэмжинэ. Сүүлийн 20 жилд Монгол Улсын гадаад худалдаа, тодруулбал импортын 70 гаруй, экспортын 50 орчим хувь зөвхөн урд хөршөөс хамааралтай болсон. Энэ нь манай улсын ашигт малтмалын болон бусад түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн ганц худалдан авагчтай, худалдан авагчийн өрсөлдөөн байхгүй гэсэн үг. Төмөр замаар зөөх нүүрсний тухайд ч адилхан. Худалдан авагчийн хэлсэн үнээр буюу дэлхийн зах зээлийн үнээс 2-3 дахин хямд үнээр урд хөршдөө борлуулж, эдийн засгийн хувьд асар их алдагдлыг бий болгож байна. Хэрвээ ОХУ-аар, Солонгосын хойгоор дамжуулан нүүрс, бусад ашигт малтмалаа тээвэрлэх боломж бүрдсэнээр гурав дахь орнуудын зах зээлд манай бүтээгдэхүүн гарч,Монголын ашигт малтмал дээр худалдан авагчийн өрсөлдөөн үүсэх нь эцсийн дүндээ Монголд л ашигтай тусна.
2. Зүүн.
3. Өргөн. Тэртэй тэргүй урд хөрш рүү гарсан 3-4 төмөр замын боомт бий. Тиймээс нарийн төмөр замыг хоёрдугаар шатанд тавих нь зүйтэй. Зэрэгцүүлж тавибал Санйшандын аж үйлдвэрийн цогцолборт хөрөнгө оруулагч олдохгүй, ашигт малтмалаа түүхийгээр нь гаргахаас өөр сонголтгүй болно.

Р.Гончигдорж:
-/Хариулаагүй/

Л.Гүндалай:
/Томилолттой/

Ц.Дашдорж:
1.Дэмжинэ.
2. Зүүн чиглэл.
3. Хоёулаа.

Д.Дондог:
-/Чөлөөтэй/

Х.Жекей:
1.Дэмжинэ.
2. Хоёуланг нь.
3. Хоёулаа.

Г.Занданшатар:
-/Томилолттой/

Д.Зоригт:
-/Хариулахаастатгалзсан/

С.Ламбаа:
1.Дэмжинэ.
2. Хоёуланг нь.
3. Хоёулаа.

Д.Лүндээжанцан:
1.Дэмжинэ.
2. МАХН-ын бүлэг бодлогоо гаргасан. Эхлээд Сайншанд руу чиглэсэн өргөн төмөр замаа тавья, дараа нь салбар замын асуудлыг тухай бүрт нь УИХ дээр шийдвэрээ гаргаад явья.

Э.Мөнх-Очир:
-/Чөлөөтэй/

Ц.Мөнх-Оргил:
1.Дэмжинэ. Тогтвортой, ойлгомжтой бодлого хэрэгтэй байна.
2. Хоёуланг нь. Улс орны хөгжилд аль аль нь хэрэгтэй.
3. Хоёуланг нь. Эдийн засгийн үр ашиг, одоо байгаа болон ирээдүйд бий болох технологи, тогтолцоог дэмжих хэрэгтэй байна.

Х.Наранхүү:
1.Дэмжинэ. Олон ашиг сонирхол, хэрэгцээ шаардлагыг хослуулж чадсан учраас.
2. Хоёуланг нь. Гэхдээ зүүн чиглэлээрээ эхлэх ёстой.
3. Хоёулаа. Олон зах зээлд хүрэх боломжтой. Харин эхлэхдээ зүүн чиглэлийн өргөн төмөр замаасаа эхлэх хэрэгтэй.

Ц.Нямдорж:
Дэмжинэ.


Д.Одхүү:

1.Дэмжинэ.
2. Хоёуланг нь. Гэхдээ эхлээд зүүн буюу хөндлөн замаа барих ёстой.
3. Өргөн. Энэ бол зөвхөн экологийн асуудал биш, Бодлогын, аюулгүй байдлын гээд Монгол Улсын бусад ашиг сонирхлыг тооцохёстой.

Д.Очирбат:
1.Дэмжинэ. Бодлогоо зөв гаргаж чадвал улс орны зам тээвэрт таатай нөхцөлбүрдэнэ.
2. Хоёуланг нь.
3. Хоёулаа. Хэтэрхий нэг талын байр сууринаас асуудалд хандаж болохгүй.

С.Оюун:
1.Дэмжихгүй. Төсөлд Монголын төмөр замын бүх сүлжээг зөвхөн өргөн царигтай байхаар тусгасан нь өрөөсгөл бодлого.
2. Хоёуланг нь.
3. Хоёулаа.

Д.Оюунхорол:
-/Томилолттой/

Р.Раш:
1.Дэмжинэ.
2. Зүүн. Эхлээд зүүн чиглэлээ тавьж, дараа нь бусад замын асуудлыг УИХ тухай бүрд нь шийдвэрлээд явах бүлгийн шийдвэр гарсан.


Ш.Сайхансамбуу:

-/Өвчтэй/

Ж.Сүхбаатар:
1.Дэмжинэ.
2. Хоёуланг нь.
3. Хоёулаа. Эхлээд зүүн тийшх өргөн царигийн төмөр замын сүлжээний хөрөнгө оруулалт баталгаатай шийдвэрлэгдсэний дараа нарийн царигийн сүлжээг тавих нь зөв. Улс төрийн хувьд ч, эдийн засгийн үр өгөөж, манай орны геополитик,, эдийн засгийн бодлогын шийдэл аль алиныг харгалзан үзэж ийм байр суурийг илэрхийлж байна.

Ц.Сэдванчиг:
1.Дэмжинэ
2. Хоёуланг нь.
3. Хоёулаа. Зам тавих хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдэж чадвал эдийн засагт хоёулаа л үр ашгаа өгнө.

А.Телейхан:
1.Дэмжинэ
2.Хоёуланг нь
3. Хоёулаа. Эхний ээлжинд Тавантолгойн төмөр замыг Монгол Улсын гол төмөр замд холбох нь зүйтэй. Цаашид өргөн төмөр замаар ОХУ руу, нарийн төмөр замаар БНХАУ руу холбох хэрэгтэй.

Х.Тэмүүжин:
1.Дэмжинэ.
2. Зүүн.
3. Өргөн.

Ч.Улаан:
1.Дэмжихгүй. УИХ өмнө нь төмөр замынхаа бодлогыг гаргаад өгчихсөн. Тэр бодлогоо эхлээд дүгнэж байж дараагийн бодлогоо ярьдаг болмоор байна.
2. Хоёуланг нь. Энэ хоёр чиглэлийг хооронд нь сөргөлдүүлэх хэрэггүй. Эдийн засагт бий болсон хэгцээ шаардлагаа бодоход урд чиглэлийг дэмжихээс өөр аргагүй. Ашигт малтмалаа эдийн засгийн эргэлтэд оруулна. Боломж, давуу талаа ашиглаж, үр дүнд түргэн хүрье гэвэл зүүн чиглэлдээ ач холбогдол өгөх хэрэгтэй. Чойбалсан хот болон Бичигтийн боомт дээр төмөр зам ирж байна. Энэ хоёр цэгийг түргэн холбоод авбал Ази-Евродыг холбосон төмөр замын шинэ “коридор” ажиллаж эхэлнэ. Далайд хүрэх хамгийн дөт зам энэ болно.
3. Хоёулаа. Аль аль нь байх хэрэгтэй. Шилжүүлэн ачихад бий болох нэмүү өртгийг аль болох дотооддоо үлдээхийг бодох хэрэгтэй.

Д.Хаянхярваа:

1.Дэмжинэ.
2. Зүүн.
3. Хоёулаа.

Ц.Цэнгэл:
1. Дэмжинэ. Төрөөс баримтлах бодлогыг яаралтай шийдвэрлэх аргыг аль болох эрэлхийлэх шаардлагатай байна. Гэхдээ аль чиглэл нь нэгдүгээр үе шатанд, аль нь хоёр, гуравдугаар үе шатанд хийгдэх ёстой вэ гэдгийг ярилцаж байж шийдвэрлэнэ.
2. Хоёуланг нь. Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн стратеги гэж үзэж байна.
3. Хоёулаа. Хоёр хөршийнхөө улс төрийн бодлогыг дэмжиж угтуулан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжтой.

Б.Чойжилсүрэн:
-/Хариулаагүй/

О.Чулуунбат:
1. Дэмжинэ. Монгол Улсын хөгжлийг хурдасгана гэдэг үүднээс нь.
2. Хоёуланг нь. Зүүн тийш Орос руу тавих төмөр зам, урагшаа төмөр зам хоёрыг хоёуланг нь эхлүүлэх ёстой. Аль нэгийг нь түрүүлж тавих ёстой гэсэн ялгаварлал байх ёсгүй.
3. Хоёулаа. Урагшаа төмөр замаа нарийн царигаар, Орос руу тавих төмөр замаа өргөн царигаар тавих ёстой. Хятадын том зах зээлд шууд гарцтай болно.

Ц.Шинэбаяр:
1.Дэмжинэ. Засгийн газрын боловсруулсан төсөл оновчтой хувилбар гэж үзэж байгаа.
2. Зүүн. Нэгдүгээр ээлжинд зүүн чиглэлээ тавих нь зөв.
3. Өргөн. Гол магистрал нь өргөн байх ёстой.

Ж.Энхбаяр:
1. Дэмжинэ.
2. Хоёуланг нь.
3. Хоёулаа.

Д.Энхбат:
1. Дэмжинэ. Төмөр замыг хөгжүүлэх ёстой гэдэг утгаар нь. Гэхдээ энэ төсөлд дутагдал байгаа.
2. Хоёуланг нь.
3. Хоёулаа.

З.Энхболд:
1. Дэмжинэ.
2. Зүүн. Хоёр дахь том гарц, үйлдвэржилтийг дэмжих бодлого.
3. Өргөн. Нэг улс нэг л стандарттай байх ёстой.

М.Энхболд:
1. Дэмжинэ
2. Хоёуланг нь
3. Өргөн. Нэг улсын дотор хоёр өөр царигтай байх нь зохимжгүй.

Н.Энхболд:
1.Дэмжинэ.
2. Хоёуланг нь.
3. Мэргэжлийнхэн шийдэх асуудал.

С.Эрдэнэ:

1.Дэмжинэ. Төмөр замын хөгжилд төрөөс анхаарал тавих цаг нь болсон.
2.Зүүн чиглэлээ түрүүлж тавих нь стратегийн холбогдолтой.
3. Өргөн.Суурь зам маань өргөн учраас царигийг өөрчилбөл олон асуудал үүснэ.

УИХ-ын Тамгын газраас нэгдсэн чуулганы хуралдаанд гаргаж өгсөн ирцээр энэ өдөр УИХ-ын гишүүн С.Баяр, Ш.Сайхансамбуу нар өвчтэй, Э.Мөнх-Очир, Д.Дондог нарын гишүүд чөлөөтэй, Р.Амаржаргал, Л.Гүндалай, Д.Оюунхорол, Б.Батбаяр нар гадаад томилолтоор, Я.Батсуурь гишүүн орон нутагт ажиллаж байгаа юм байна. Харин “Ардын эрх” сонин, News.mn сайтаас зохион байгуулсан санал асуулга буюу “Ардын эрх”-ийн чуулганд нийт 66 гишүүн оролцсоноос 53 гишүүн асуултад хариулж, 13 нь энэ уг асуудлаар байр сууриа илэрхийлэхээс татгалзсан байна. “Ардын эрх”-ийн чуулганд оролцож, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай УИХ-ын тогтоолын төслөөр санал бодлоо хуваалцсан нийт гишүүдэд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж