“Балдорж сан”-гийн шагналтан өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

“Балдорж сан”-гийн шагналтан өнөөдөр тодорно

Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” сангийн  шагнал гардуулах ёслол өнөөдөр болно. Нэгэн үе Монголын сэтгүүлзүйн салбарыг манлайлан од мэт гялалзаж, олон арван сэтгүүлчдийг мэргэжлийн хувьд өсч торнин, даль жигүүрээ ургуулахад тусалж, эцгийн хайрыг харамгүй түгээж явсан Ц.Балдорж агсны нэрэмжит шагнал хүртэх нь сэтгүүлчдийн хувьд нэр төрийн хэрэг байдаг. Тав дахь жилдээ олгож буй энэхүү эрхэм шагналын энэ жилийн эзэн хэн бэ гэдгийг “Балдорж” сангийнхан шагнал гардуулах ёслолоос өмнө нийтэд мэдээлэхээс татгалзаж байна.

Монголын үе үеийн сэтгүүлчид мэргэжлийн бүтээлдээ жинхэнэ мэргэжлийн үүднээс дүн тавиулдаг уг шагналын анхныхыг “Үндэсний шуудан” сонины тоймч, сэтгүүлч Б.Ганчимэг хүртсэн бол удаах шагналыг  “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгчийн зөвлөх, Монголын нэрт нийтлэлчдийн нэг Ж.Гангаа,

“Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч Г.Отгонбаяр нар хүртсэн юм. Түүнчлэн уг шалгаруулалтаас тодруулдаг шилдэг арван бүтээлд NEWS.mn сайтын тоймч З.Боргилмаа, А.Алтантуяа, Ц.Булганзаяа нарын бүтээл хэдэнтээ шалгарч байсан юм. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд сэтгүүлзүйн салбарынхнаас гадна сэтгүүлзүйн гал тогооноос гаралтай улстөрийн хүрээнийхэн ч оролцох юм байна.

Д.ЦЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж