Хүний нийгмийн түүх хувь ганц хүний түүхээс эхэлдэг. Францын Франсуа Раблегийн нэрэмжит Турын их сургуулийн профессор Изабелл Бианки “Mongolie: Une culture en mouvement” буюу “Монгол: өөрчлөлт шилжилт дэх нэгэн соёл” хэмээх ном бичжээ. Тэрбээр эл бүтээлээ олон жилийн эрдэм судалгааны ажил болон нөхөрлөлийн түүх болсон ном хэмээгээд МУИС-ийн багш, доктор, профессор С.Дуламыг “Бэлгэдлийн уран дархан” хэмээн нэрлэсэн байна.
Хатагтай Изабелл Бианки 1994 онд профессор С.Дуламтай танилцаж улмаар хориод жил хээрийн шинжилгээний ажил, эрдэм судлалын хурал зөвлөлгөөн, хичээлийн танхимд хамтран ажиллажээ. Энэ хориод жилд Монголын нийгэм ч бараг үндсээрээ өөрчлөгдөж. Нийгмийн өөрчлөлт мэдээж хувь хүний амьдралд ч өөрчлөлт оруулж. Энэ бүхнийг хөндлөнгөөс гярхайгаар ажиглаж нэг хүний намтараар дамжуулан тухайн орны нийгэм соёлын өөрчлөлтийг үгүүлсэн Ном бичих санаа төрсөн гэнэ. Улмаар эл санаагаа профессор С.Дуламд хэлсэн байна. Монгол хүний хээгүй зангаараа тэгсгээд өнгөрч, за тэг ч гэж хэлсэнгүй. Гэтэл профессор Изабелл Бианки нөгөө номынхоо талаар дахин дахин ярьж, нэг өдөр тэр номондоо зориулж ярилцлага авах томилолт өвөртлөөд эх нутагт нь хүрээд иржээ.
“Малчин аав ээжийн хүү тэрбээр социалист нийгэмд өсөж бойжиж, эрдэм боловсролд хүрч, улмаар ардчилсан нийгэмд бүтээн туурвиж явна. Мөн улс төрд ард олноо төлөөлж. Ардын билиг ухаан, бэлгэдэл, бөө мөргөл, шашин соёл гээд соёлын хил хязгаарыг хамгаалах судлах талаар олон жилийн хөдөлмөрөө зориулахын зэрэгцээ, амьдарч буй нийгмийн өөрчлөлтөө даган хувь хүнийхээ хувьд өөрчлөгдөж эхэлсэн гээд эсрэгцсэн хоёр дүрийн гол баатар нь профессор С.Дулам бөгөөд эл өөрчлөлтөд дасаад соёлоо цааш авч яваа хүн юм” хэмээн профессор Изабелл Бианки түүнийг дүгнээд, Грек Ромын Янус бурханы дүртэй зүйрлэсэн юм.
Уг ном гурван бүлгээс бүтэх бөгөөд эхний хоёр бүлэгт профессор С.Дуламын бага нас, эцэг эх, сургууль, Коммунист орноос Баруунд сурахаар очсон, эрдэм судалгааны ажил, нийгэм соёл, улс төрийн амьдрал гээд түүний намтар дээр үндэслэн бичжээ. Харин сүүлийн хэсэгт нэгэн хүмүүний амьдрал намтарын хуудаснаас тухайн нийгэм соёлын өөрчлөлтийг тольдон харах гэсэн судлаачийн ажиглалт дүгнэлтээ хийсэн байна.
Хатагтай Изабелл Бианки уг номоо бичиж дуусах үед профессор С.Дулам “Монгол улс бол миний амьдралын утга учир”гэж хэлжээ.
Номын нээлтийн ёслол МУИС-ийн дугуй танхимд 9.16-нд болсон