Нийслэл хотын төвд цэцэрлэгт хүрээлэн тун цөөн. Хүрээлэн ч гэлтгүй цэцэг навч, мод бутаар орчноо чимсэн газар гарын хуруунд багтам. Хотын төвдөө ганцхан байдаг нь Төрийн ордны ар талд байх цэцэрлэгт хүрээлэн. Уг цэцэрлэгт хүрээлэн нь саяхныг хүртэл хүүхэд багачууд тоглож, хөгшид салхилж, залуу хосууд болздог энх амгалангийн орон байлаа. Гэтэл иргэний нийгмийнхэн жагсаал цуглаан хийж, Төрийн ордон руу довтлогчдын балгаар цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгыг хааж, томоос том цоож зүүх болсон юм. Хүмүүсийн хөл татарснаас хойш цэцэрлэгт хүрээлэн ч гундуухан харагдаж, Тамгат хөшөө ганцаардан байх шиг санагддаг байлаа. Үүнийг мэдсэн мэт ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээх шийдвэрийг гаргаж, өнгөрсөн зуны саруудад уг цэцэрлэгт хүрээлэн хөл ихтэй өнжсөн юм. Гэтэл хэдхэн хоногийн өмнө “Гал үндэстэн” холбооныхон жагсаал хийж, уг цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэн буу тавьснаас болж, ордны арын цэцэрлэг дахин хаагдлаа. Бахим бүдүүн гинжинд томоос том цоож зүүсэн нь “Дахин хэзээ ч нээхгүй дээ” гэж заналхийлэн байх шиг харахаас л хүйт даана. Иргэний нийгмийнхний жагсаал цуглаан хийх бүрт эгэл иргэдийн эрх ашиг хөндөгдөж, хөл хумигдах болсон нь хэний буруу вэ. Баруун зүүн жигүүрээ цоожтой хаалгаар хамгаалуулсан эрх мэдэлтнүүдэд цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах зав байдаггүй болохоор үүнийг анзаардаггүй юм болов уу даа.
А.ШАРХҮҮ