УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдах үеэрээ Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Үндэсний статистикийн хорооны дарга З.Мэндсайхан нараас Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа талаар бодитой мэдээлэл өгөхийг хүссэн юм. Гэвч төв банкны ерөнхийлөгч валютын нөөц хангалттай байгаа гэх боловч, ханшийн хэлбэлзэл хэзээ тогтворжихыг мэдэхгүй, Үндэсний статистикийн хорооны дарга монгол хүний дундаж цалин 900 мянган төгрөгт хүрсэн зэрэг өөдрөг мэдээлэл хэлж цөөнхийн бүлгийн гишүүдийн нүдийг орой дээр нь гаргах дөхсөн бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр мөн л гандан буурсангүй “Эдийн засгийн өсөлт саараагүй, өссөн. Орон сууц, авто зам гээд бүтээн байгуулалтын ажил урьд жилүүдийнхээс далайцтай явж байна. “Чингис бонд” босгосны хүчинд эдийн засаг өдий дайтай байна” гэх зүйл ярьсанд гишүүд тэсгэл алдаж зарим нь бүр “Хэдий болтол та доромжлох юм бэ. Чуулган дээр доромжилно, бүлэг дээр доромжилно” гэсэнд сайд Н.Батбаяр “Би үнэнийг л хэлж байна. Ирэх жил гэхэд импорт экспортоосоо өснө. Зэс, алтны олборлолт эрс нэмэгдэж, газрын тос нэг сая тонн гарчихна. Одоо бол түр зуурын шок. Валютын ханш дээр хүндрэл үүссэн. Гэхдээ ханш буурчихсан байгаа" гэж цөөнхийн бүлгийн гишүүдийн тэвчээрийг шалгаж, залхаав.
Эдийн засгийн хөгжлийн сайд өчигдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр бүлгийн гишүүдээсээ “Асуултад та тодорхой хариулт өгөхгүй байна” гэдэг шүүмжлэл сонссон бол өнөөдрийн турш МАН-ын бүлгийн гишүүдээс ийм үг дуулав. Үнэндээ ч асуусан асуултад нь тодорхой хариулт өгөхгүй өмнө ярьснаа бага зэрэг өөрчлөөд хачир оруулаад ярихаар яаж ч асуултад нь хариулсан болох вэ дээ.
Г.ДАРЬ