Францаас шилмэл үүлдрийн үхэр авчирлаа

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Францаас шилмэл үүлдрийн үхэр авчирлаа

Монголд анх удаа шилмэл сортын үхрээс бүрдсэн фермерийн аж ахуй ажиллах боломжтой боллоо. Тодруулбал,  “Хишигтэн нүүдэлчин” компани  Франц улсаас мах, сүүний хосолсон 155 үхрийг өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүлээн авлаа. Тус компани нь 2012 оноос эхлэн үхрийн фермерийн аж ахуй байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цэвэр сүү үйлдвэрлэх зорилгоор ийнхүү үхэр оруулж ирж байгаа юм. Төслийг Улаанбаатар хотоос 110 км-т байрлах Төв аймгийн Архуст суманд хэрэгжүүлэх ажээ. Ингэснээр Монголд анх удаа хэрэгжиж буй чөлөөт маллагааны системтэй фермерийн аж ахуйтай болж байгаа тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал онцолсон юм.

Ийнхүү фермерийн аж ахуй байгуулахын тулд 155 үхэр оруулж ирэхэд
шаардлагатай санхүүжилтийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Монголбанктай
хамтран хэрэгжүүлсэн “Хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний
үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд шийджээ. Франц улсын
“Мон-бельярд” үүлдрийн уг 155 үхрийн 150 нь үнээ, тав нь бух бөгөөд үнээ
нь өдөрт 25 литр уураг ихтэй сүү гаргадаг бол бухыг мах бэлтгэлийн
чиглэлээр голчлон ашиглах юм байна. ОХУ болон хүйтэн сэрүүн уур
амьсгалтай орнуудад идээшиж, зохицгоороо онцлог учраас уг үүлдрийн
үхрийг сонгожээ.

У.БОЛОР








NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж