Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж өчигдөр нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Ингэхдээ энэ чиглэлд ажилладаг компаниудад тулгардах асуудлыг сонсч, хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон байна. Уулзалтын үеэр нүүрс тээвэрлэгч, ААНБ-ын төлөөлөл хилийн боомт дээр ажиллаж буй төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо дутмаг байдгаас үйлчлүүлэгчдэд ихээхэн хүндрэл гардаг, гадаадын ажиллах хүчний квотын асуудал дээр уян хатан бодлого үгүйлэгдэж буйг учирласан байна.
Газрын дарга Б.Пүрэвдорж дээрх саналуудыг бодит ажил хэрэг болгох тал дээр анхаарахаа хэлээд, байгууллагын зүгээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг боловсронгуй, шуурхай болгохоор хувийн урилга, визийн болон оршин суух зөвшөөрлийн бүртгэлийн анкетуудыг олгох үйлчилгээг цахим хэлбэрт оруулахыг дуулгасан байна. Түүнчлэн төвд төвлөрсөн эрх мэдлийг хил, орон нутагт шилжүүлэх зохицуулалт хийж байгаа талаар онцоллоо.