Сирийн иргэний дайныг Монголын сэтгүүлчид анх удаа газар дээрээс нь
сурвалжилж байна. Eagle телевизийн гадаад мэдээний тоймч Х.Уламбаяр,
зураглаач А.Билгүүн нарын халуун цэгээс ирүүлсэн шуурхай мэдээлэл,
сурвалжлагыг хүлээн авна уу.
Биднийг Хама мужийн Хама хотод орж ирэхэд сөргөлдөгч талуудын гудамжны тулалдаан үргэлжилж байна. Хотын чухал объектууд Засгийн газрын мэдэлд байгаа бололтой. Босогчид хотын хэд хэдэн дагуул дүүрэгт бэхлэлт тогтоосон нь ажиглагдав. Ассадын арми хуурай замын нэлээн туршлагатай нэгтгэлүүдээ энд татсан гэнэ. Хамадад том хэмжээний эсэргүүцэл дэгдэх нь тодорхой байсан тул эрх баригчид ийн хүчээ хуримтлуулжээ.
Сирийн армийн хувьд хамаагүй зохион байгуулалтай цэргийн операци явуулж буй нь илт. Тэд босогчид шиг дурын цэг рүү гал нээхгүй юм. Танк, их буу, холбоо, тагнуул, нөөц ангиуд хоорондоо маш уялдаатай ажиллаж байна. Тэнд ажиллаж байгаа Иран болон манай сурвалжлах багийг хэр хэмжээндээ хамгаалж байгаа болно. Харин хотод болж буй байлдаанд нисэх онгоц харагдахгүй байна.
Ассадын цэргүүд өөрсдийн дүрэмт хувцасаар жигдэрсэн байгаа ба Оросын цэргийн сургагч нар үе үе сургалт явуулдаг гэсэн. Өмнө нь Сирийн арми олон хотуудад ялагдаж байсан бол Москва энэ бүхэнд анхаарлаа хандуулж тэдний стратеги, тактикийг эрс "өөрчилжээ". Тооны хувьд мэдээж босогчид арай давуу. Гэхдээ л сайтар зохион байгуулалттай Сирийн армийг хотын дүүргүүдээс шахаж чадалгүй хэдэн сарыг үзжээ. Армийн зэвсэглэлийн хувьд дан Орос болон Хятадад үйлдвэрлэсэн нь тодорхой бөгөөд танк, хуягтын хохирол амсахгүйн тулд нэлээн алсаас цэгт цохилт өгч байлаа.
Саяхан Барак Обама тэргүүтэй АНУ-ын эрх баригчид Сирийн дэглэмд цохилт өгөх асуудлаар түр завсарлага авч, Лавров-Керри нарын Женев дэх уулзалт Дамаскийг химийн зэвсгээ хураалгах дээр "тохиролцсон" явдал нь Б.Ассадад түр "амсхийх" боломж гаргасан байх талтай. Өөрөөр хэлбэл энэ үүлэн чөлөөний нар мэт боломжийг ашиглан босогчод идэвхитэй цохилт өгч, нэг мөр устгахаар зорьж байгаа нь "анзаарагдав".
Хэдийгээр энд Сири хүмүүс хоорондоо байлдаад байгаа мэт боловч сайтар ажиглавал араб гаралтай маш олон залуус "шавжээ". Тэд бидний огт мэдэхгүй маш олон аялгаар ярих нь элбэг. Бодвол энэ их дуу чимээнд ийм өндөр дуутай болдог байх. Дүлийрдэг ч байж болно. Бас энд эгээтэй л ази царайтай хүн олж "харсангүй". Байж ч болох юм. Өглөө нэгэн босогч ярихдаа тэдэнтэй олон зуун мусалман ахан дүүс нь нэгдэж байгаа гэнэ. Ер нь Европ, Америк, Ази, Далайн орнууын залуус ирж байгаа сурагтай. Хамгийн сүүлд Австрали улсаас 300 мусалман шүтлэгтэй залуус Сирийн чөлөөт армитай "нэгдэхээр" буужээ.
Хэрэглэж буй зэвсэг техникийн хувьд босогчид харин ч "азтай" гэмээр. Миний мэдэхийн хамгийн сүүлийн үеийн зэвсгээр хангагдаж, хангамж нь баян арабуудаас орж ирсэн нь илэрхий. АНУ, Европт үйлдвэрлэсэн автомат буу, харвагч меномёт, танк эсэргүүцэгч, хуягт нэвтлэгч, япон pick-up дээр суурилуулсан буу гээд олон төрлийн зэвсэг байх. Харвах пуужингийнхаа градусыг хүртэл iPad ашиглан тогтоож байхав. Үнэхээр айхтар улс юмаа. Харин хувцасны хувьд эрээвэр, хураавар.
Байлдаан болж буй цэгт сөргөлдөгчийн хэн нь байгаа болохыг хамгийн түрүүнд өмссөн хувцаснаас гадна өөр хоорондоо мэдэгдэж буй дохиноос ойлгож болно. Босогчдын хувьд арабаар "Энд байна", "Аллаху Акбар" зэрэг үгс хэлж байгаа нь армийн цэргүүдэд том "өгөөш" болох юм. Харин Засгийн газрын цэргүүд "нууц №" хэлээд байх шиг санагдсан. Тэд үүгээрээ өөрсдийн болон дайсны байрлалыг тогтоож, ямар байдлаар гал нээхээ шийддэг бололтой.
Дайтагч талуудын нэг бэрхшээл нь шархадсан цэргүүдэд үзүүлэх эмнэлэгийн туслалцаа байх шиг харагдлаа. Энэ тал Ассадын цэргүүд арай илүү боломжтой. Учир нь цэрэг бүхэн анхан шатны тусламж үзүүлэх хэрэглэл бүхий хайрцаг болон савтай аж. Мэдээж цэргийн эмнлэгийн баг байгаа л байх. Харин босогчид энэ тал дээр маш сул. Шархадсан цэргүүд таарсан давуу сэлтээр шархаа боосон харагдана. Ийм халуун, хуурайд шарх нь хүндэрч хувилдаг болов уу.
Сэтгүүлч Х.УЛАМБАЯР
Хама дүүрэг, Хама муж, Сири улс
12 цаг 10 минут