Чөлөөтийн тамирчид маргааш эх орондоо ирнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн тамирчид маргааш эх орондоо ирнэ

Унгарын нийслэл Будапешт хотноо болсон сонгомол барилдаан, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д амжилттай оролцсон Монголын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид маргааш өглөө 06:00 цагт эх орондоо ирнэ. Манай чөлөөтийн эрэгтэй баг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд долоон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, 19 оноотойгоор наймдугаар байр эзэлсэн. Энэхүү ДАШТ-д 89 орны бөхчүүд хүч үзсэн билээ.

Тэмцээний эхний өдөр 66 кг-ийн жинд зодоглосон ОУХМ Г.Мандахнаран хүрэл медалийн эзэн болсон. Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдээс 2001, 2002 онд Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар мөнгөн медаль хүртсэн бол Гавьяат тамирчин Б.Наранбаатар 2005 онд хүрэл, 2007 онд мөнгөн медаль хүртэж байсан юм. Ийнхүү зургаан жил тасраад байсан амжилтыг Г.Мандахнаран үргэлжлүүлж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ.

Будапештийн дэвжээ монголчуудад ээлтэй байдаг. Унгарт болсон ДАШТ-ээс 1985 онд 62 кг-ийн жинд А.Энхээ, 68 кг-ийн жинд Б.Болд мөнгө, 74 кг-ийн жинд Лу.Энхбаяр хүрэл, 1986 онд А.Энхээ хүрэл медаль хүртэж байсан бол 2005 онд Б.Наранбаатар хүрэл медалийн эзэн болж байсан юм.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж