Хама мужид &#34нэвтэрч&#34 чадав

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Хама мужид &#34нэвтэрч&#34 чадав

Дэлхийн халуун цэг болоод буй
Сирийн иргэний дайныг Монголын сэтгүүлчид анх удаа газар дээрээс нь 
сурвалжилж байна. Eagle телевизийн гадаад мэдээний тоймч Х.Уламбаяр,
зураглаач А.Билгүүн нарын халуун цэгээс ирүүлсэн шуурхай мэдээлэл,
сурвалжлагыг хүлээн авна уу.

Бид Сирийн Хама мужид нэвтэрсэн. Элсээр шуураад хүндрэл гарсан. Зарим муж нь босогчдын мэдэлд оржээ. Яг одоо тэдэнтэй ярилцлага хийж байна. Удахгүй нутгийн гүнд уулзъя бүгдээрээ…




"МӨНХИЙН ЭСЭРГҮҮ" ХАМА МУЖ

Газар нутаг: 8,883 km2
Хүн ам: 1,628,000 /2011 он/
Албан ёсны хэл: Араб

Хама муж нь Эс-Саклабия, Хама, Масьяф, Мухрад, Саламия гэсэн таван дүүргээс бүрдэнэ. Тус муж нь Сирийн хөдөө аж ахуй болон хөнгөн үйлдвэрлэл хөгжсөн чухал районуудын нэг. Улсынхаа төмс, самар, элсэн чихэр, жимсний хэрэгцээг бүрэн хангаж байсан нь саяхан.

Мужийн төв нь Хама дүүрэг буюу Хама хот. Алеппо, Хомс, Дамаск, Латакия хотын дараа улсдаа эхний тавд орох том хот. Энэ муж Сирийг тусгаар тогтнолоо зарласнаас хойш эрх баригчдыг эсэргүүцдэг байсан БААС /Арабын Социалист Нам/ намын зүгээс тэднийг дарах гэж олон удаа оролдсон гэсэн. Хама хотод 1964, 1982 зэрэг онуудад олныг хамарсан томоохон бослого гарч байсан бөгөөд тухай бүрт нь эрх баригчид цус асгаруулан дарсан гэлцдэг.



Мөн 1982 оны хоёрдугаар сард Сирийн Ерөнхийлөгч Хафез аль-Ассад бослого дэгдээсэн Хама хотыг газрын хөрснөөс арчсан нь дэлхий нийтийн зүгээс ихэд шүүмжлэгдсэн. Харин 2011 оны  гуравдугаар сард дэгдсэн Арабын хаварын нөлөөгөөр Хама нь эрх баригчдыг хамгийн түрүүнд эсэргүүцсэн хотын нэг болжээ. Арабын ертөнцөд Хама хот нь Ассадын харшлийг хамгийн их хүргэдэг гэж ярилцах юм билээ.

Байгалийн үзэсгэлэнт тогтоцтой Хама мужийн хувьд МЭӨ 1100 оны үеээс Ойрхи Дорнодын түүх сударт тэмдэглэгдэн үлдсэн. Тэнд бичихдээ энэ муж болон хотыг үнэхээр гайхамшигтай нуур, цөөрөм хийгээд өнгө өнгийн цэцэг алагласан жимст цэцэрлэгүүд байдаг гэжээ. Тус хотыг эрт дээр үеэс Ассир, Саргон, Ромчууд эрхшээлдээ оруулж байсан гэдгийг нөгөө Ариун Библд нь бичсэн байх юм.

Гэхдээ 7-р зууны үед мусалманчууд Хамад бэхжиж чадсанаар жинхэнэ хөгжлийн үеийг "мэдэрсэн" аж. Тэд л Хама хотыг ихэд исламжуулж мөн барилга байгууламж зэрэг дэд бүтцийн шийдэлд өөрчлөлт оруулсан гэжээ. Гэвч 1516 онд Туркийн мамлюкууд Сирийг эрхэндээ оруулж дэлхийн дайны төгсгөл хүртэл өнөөх Османчууд хамаарч байсан гэнэ. Харин үүний дараа Францууд Үндэсний Лигийн /одоогийн НҮБ/ мандатын дагуу тэдний хэргийг түр хамаарч байлаа. Магад энэ л үед Сири тэр дундаа Хама муж нэлээн "баруунжсан" байх талтай.

1964 онд Сирийн төрийн эрхэнд "БААС" намынхан гарч ирсэнээр үйл явдал тэс өөрөөр эргэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл тэр цагаас өнөөг хүртлэх хугацаанд 1964 онд Хама хотын бослого, 1981, 1982 Хаммад гарсан аллага, 2011 онд Хамаг бүслэсэн нь зэрэг үйл явдлууд болжээ. Хама мужид суннитууд олон тоотой байдаг тэр дундаа "Исламын ахан дүүс хөдөлгөөн" бэхжсэн байдаг тул цөөнх болох шийтүүдтэй байнга муудалцана. Мэдээж Ассадын тойрон хүрээлэгчид шийт урсгалд багтах тул ахан дүүсээ "өмөөрч" тэднийг дарах гэж муйхарлаж байсан жишээ цөөнгүй.

1964 онд онд Хам хотод үймээн дэгдэж Засгийн газар цэрэг оруулж 100 хүний аминд хүрч байж арахийн зогсжээ. Мөн 1981 онд суннитууд шийтийн алавит тосгонд халдсаны дараа Сирийн тусгай хүчнийхэн Хамад цөмрөн орж, эрэгтэй голдуу 14 дээш насны 400 хүмүүсийг гурван өдрийн дотор хөнөөжээ. Ингээд дараа жил нь болох 1982 нд Хамад дахин бослого дэгдэж, тухайн Сирийн Ерөнхийлөгч Хафез аль-Ассад 27 өдөр тус хотыг бүсэлж олон мянган хүний аминд хүрэв. Уг цэргийн ажиллагааг түүний дүү генерал Рифат аль-Ассад гардан явуулж хотын иргэдийг газартай нь тэгшилж гадны сэтгүүлчдийг ирэхээс өмнө хүүрэн дээгүүр хурдны зам тавьсан гэдэг.Тухайн үед дэлхий нийт Сирийн эрх баригчдыг буруутгаж байсан ч ЗХУ хамгаалан авч үлдсэн удаатай. Магад эндээс л Ассадын гэр бүл олон улсад төдийгүй улс орондоо нэр хүндээ "алдах" эхлэлээ тавьсан болов уу.

Ингээд 2011 оны долоодугаар сард “мөнхий эсэргүүцэгч” Хама хотынхон
Б.Ассадын дэглэмийг эсэргүүцэн дахин үймээн самуун дэгдээж эхэлсэн нь
олон хүний аминд хүрэх "шалтаг" болсон аж. Сирийн Засгийн газрын зүгээс
эсэргүүрцэгчдийн буулгаж авахаар сар гаруй үргэжилсэн бүслэлтийг хийсэн
бөгөөд хүссэн үр дүнтэй хүрч чадаагүйгээр үл барам ихээхэн хохирол
амссан болно. Одоо ч гэсэн Хама муж болон хотыг сөргөлдөгчдийн яг хэн нь
хянаад байгааг хэлэхэд хэцүү. Хэсэгчилсэн байдлаар өөрсдийн нөлөөний
бүсээ тогтоосон бололтой. Юутай ч Сирийн хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн төв болж байсан байгалийн үзэсгэлэнт Хама муж Иргэний дайны
нөлөөгөөр сүйрсэн болохыг доор тавигдсан зургуудаас харж болно.





Зураглаач А.БИЛГҮҮН

Сэтгүүлч Х.УЛАМБАЯР

Хама дүүрэг, Хама муж, Сири улс
10 цаг 45 минут
2013.09.19

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж