Нийтийн дууны урлагт хосоороо дуулж амжилтанд хүрсэн олон уран бүтээлч байдаг. Тэдгээр хүмүүсийн адил урлагийн тайзнаа уран бүтээлийн цагаан хадаг дэлгэн буй залуу уран бүтээлчид бол дуучин Оюунбат, Бадралмаа нар юм. Тэд энэ намрын тоглолтын салхийг хагалж, анхны бие даасан “Зүрхний наран” тоглолтоо есдүгээр сарын 27-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19.00 цагт тоглох гэж байна.
-Зохиолын дууны урлагт олон уран бүтээлч төрөн гарч ирж байгаа. Хэдэн дуу дуулаад өөрийн бие даасан тоглолтоо хийдэг. Та хоёрын бие даасан “Зүрхний наран” тоглолт юугаараа онцлог байна вэ?
–Оюунбат: Хүмүүс ганц хоёр дуу гаргаад тоглолт хийдэг гэж байна. Хатуу ч гэсэн үнэн. Бид хоёрын тухайд 2004 онд нийтийн дууны урлагт анх хөл тавьж эхэлсэн. Түүнээс хойш есөн жил уран бүтээлээ тасралтгүй хийж байна. Энэ хугацаанд хийж бүтээсэн зүйлээ ард түмэндээ тайлагнах цаг нь болсон гэж үзээд анхны бие даасан уран бүтээлээ хийхээр болсон. Он цаг хугацааны хэлхээс болж олон сайхан дуунууд ард түмэнд маань танигдсан байхаа гэж бодож байна.
– Урлагтай амьдралаа хэрхэн холбосон бэ?
–Бадралмаа: Би Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн. Намайг бага байхад гэр бүл маань уралдаан тэмцээнд их оруулдаг байсан. Түүнийхээ нөлөөгөөр урлагт хайртай болж салшгүйгээр энэ сайхан ертөнцтэй холбогдсон. Сайхан гэр бүлээс салшгүй ертөнцтэй холбогдсондоо үнэхээр их баярлаж явдаг. Ингээд 2002 онд Эрдэнэт хотноо ерөнхий боловсролынхоо сургуулийг төгсөөд СУИС-д элсэн орсон. Дөрвөн жил суралцаад 2006 онд СУИС-ийн дуучны мэргэжлийг эзэмшсэн байгаа.
Оюунбат: Би Төв аймгийн Зуунмод хотноо төрсөн. Миний амьдрал багаасаа урлагтай салшгүй холбогдсон. Миний ээж амьдралынхаа 47 жилийг “Монгол туургатан” театртай холбосон. Миний ээжийг Шархүүгийн Цэцгээ гэж сайхан дуулдаг хүн бий. Саяхан МУГЖ цол тэмдэгээр шагнуулсан. Ээжийгээ дагаад театрын үүдээр явж, театрт орж хүмүүстэй нь танилцаж явсаар энэ сайхан мэргэжлийг өвлөн авсан. Ингээд 2003 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид элсэн орж суралцаад 2008 онд төгссөн. Түүнээс хойш бид хоёр ҮДБЭЧ-т, Төв аймгийн “Монгол туургатан” театруудад ажиллаж байсан.Мэргэжлийн театруудад ажиллаж байхдаа “Учиртай гурван толгой” дуурийг шинэчлэн тайзнаа тавихад миний гэргий Бадралмаа маань Хоролмаагийн дүрийг бүтээж харин би Юндэнгийн дүрийг бүтээсэн. 2011 оноос хойш өөрсдийнхөө уран бүтээлд эрчимтэйгээр орж бүтээлээ туурвиж явна. Одоо бол чөлөөт уран бүтээлчид.
Бадралмаа: Урлаг гэдэг асар том айлын үүдийг нээн орж шинэхэн гэр бүлийн гишүүн болоод өдгөө есөн жилийг ардаа үдсэн байна. Сурч мэдсэн хийж бүтээсэн бүхнээ 2012 онд бид анхны “Хоёулаа” нэртэй цомогтоо шингээсэн. Тус цомог мааньсонсогч түмнийг хөглөсөн гэдэгт итгэлтэй байгаа. Ингээд 2013 онд анхны бие даасан “Зүрхний наран” тоглолтоо ард түмэндээ тайлагнах гээд ажиллаж байна. Нийтийн дууны урлагт бид нэг сэтгэлээр уран бүтээлээ туурвиад явж байна.
-Та хоёрыг “Зүрхний наран” дуугаар тань ард түмэн илүү сайн таних болов уу?
-Оюунбат: Бид хоёрын анхны уран бүтээл 2004 онд бүтээгдсэн.Анхны уран бүтээл болох “Хуримын дуу” нэртэй сайхан уран бүтээлээр маань хүмүүс илүү сайн таньдаг. Анхны уран бүтээлээ гал голомтоо бадрааж байгаа хосууддаа зориулж хийснээрээ одоо ч гэсэн баярлаж явдаг. Амьдралаа зохиож буй аз жаргалтай мөчид нь гэр бүлийн хоёр хүн очиж “Хурмын дуу”-гаараа хурим найрын жаврыг нь үргээдэг болохоор өөрийн эрхгүй өөдрөг амьдрал бидэнд бэлэглэдэг.
Бадралмаа: Бид хоёрын анхны бие даасан тоглолтоо нэрийдсэн “Зүрхний наран” дууг СТА, ая зохиогч Б.Пүрэвсүрэн ах маань бидэнд өгсөн. Энэ дууг бид 2011 онд дуулж анхныхаа цомогт багтаасан. Түүнээс хойш бага хугацаанд хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрч чадсанд баяртай байдаг. “Зүрхний наран” дуу тухайн үед шилдэг хорин дууны жагсаалтанд багтсан байдаг. Ингээд бодохоор сайхан уран бүтээлээрээ өөрсдийг чимж явна.
-Нийтийн дууны урлагаас төрсөн олон сайхан хос байдаг. Та хоёр анх хэзээ танилцсан бэ?
-Бадралмаа: Бид тухайн үед нэг сургуулийн оюутан байсан. Эрдэнэт хотноо “Эрдэнэтийн хавар” гээд дууны уралдаан дээр танилцаж байлаа. Түүнээс хойш бие биенээ мэддэг болсон. Янз бүрийн үйл ажиллагаан дээр хамт очиж дуулсаар байгаад нэг нэгэндээ дасчихсан байсан. Ингээд л уран бүтээл болон амьдрал дээр гэр бүлийн хоёр болсон доо. Хамт амьдарснаас хойш есөн жилийг ардаа үдээд байна. Бид айлын бага хүүхдүүд. Одоо бидний дундаас мэндэлсэн хөөрхөн охин бий.
Оюунбат: Бид хамтраад уран бүтээл хийхэд үнэхээр сайхан байдаг. Нэг нэгэндээ түшигтэй, нөмөр нөөлөг болж бие биенийгээ нөхөж амьдардаг. Хүний амьдралд жаргал зовлон ээлжлэн байдаг. Гагцхүү тэр үед нь нэг нэгэндээ түшиг тулгуур нь болж чаддаг. Нэг юмны төлөө зорьж байгаа учир бид хоёрын санаа нэг хүн шиг байдаг. Өглөө бүр ажилдаа хамт гарч ажлаа амжуулаад орой гэртээ хамт ирнэ гэдэг хамгийн сайхан.
-Нийтийн дууны урлагт гэр бүлээрээ байна гэдэг хамгийн том давуу тал болов уу?
-Оюунбат: Гэр бүлээрээ хамт уран бүтээл хийнэ гэдэг хамгийн том давуу тал. Нийтийн дууны урлагт дуэт уран бүтээл хийж байгаа хүмүүс гэр бүлийн хүмүүс байвал илүү тогтвортой байдаг. Бадралмаа өөр нөхөртэй би өөр эхнэртэй байсан бол хамтарч уран бүтээл хийнэ гэдэг хэцүү. Үүний тод жишээ зохиолын дууны урлагт зууны манлай хос дуучин Вандан, Дуламсүрэн СТА Хишигбаяр, Дэлгэрмаа нарыг нэрлэж болно.
Бадралмаа: Гэр бүлийн хүмүүс хайрын дууг дуулахад илүү амилуулж хүнд хүргэж чаддаг. Гэр бүлийн хоёр хүнийг тайзан дээр гараад ирэхэд хүмүүс сайхан хүлээж авдаг. Бидний хувьд хамтарч дуулаад чамгүй хугацааг ардаа үдсэн байна. Ганцаараа тайзан дээр гараад дуулахад сэтгэл эзгүйрээд цаанаа л сонин болчихдог. Аливаа уран бүтээлд сэтгэл зүрхээ шингээнэ гэдэг хамгийн нандин.
Оюунбат: Хүний амьдралд жаргал зовлон, муудалцах үе тохиолддог. Хамгийн гол нь бид хоёрыг нэг чигт нь барьдаг зүйл бол “урлаг” болоод охин маань байдаг. Хүүхэд гэдэг ариун нандин зүйл хүний амьдралыг жаргалтай болгож үргэлж гэрэлтүүлж байдаг. Орой үдэж гэртээ ядраад ороход охиноо хараад өөрийн эрхгүй урам зориг орж охинтойгоо хэсэгхэн зуур тоглоход бүх зүйлийг мартдаг. Бид хоёр дуугаа дуулаад явж байхдаа стресс гэдэг зүйлээс гардаг. Хурим найрын урилга дээр очиж “Хурмын дуу”-гаа дуулаад үргэлжлүүлэн “Зүрхний наран” дуугаа дуулахад хүмүүс өөрийн эрхгүй гарч ирж бүжиглэдэг шүү. Тухайн тэр агшин бид хоёрт үгээр хэлэх аргагүй гайхамшигтай кайф мэдрэмжийг өгч чаддаг. Сайхан хүмүүсийн урилга цайллага дээр ирээд эерэг сэтгэл, хангалуун энерги аваад буцна гэдэг юугаар ч солишгүй аз жаргал байдаг.
-Хүний ертөнцийг гэрэл гэгээгээр гийгүүлдэг хүн бол хүүхэд. Аав болох мөч ээж болсон мөчөөсөө хуваалцахгүй юу?
-Оюунбат: Урлагийн хүн болоод ч тэр үү их л сэтгэл хөдөлдөг юм билээ. Өөрийн эрхгүй нулимс урссан.Тухайн үед эхнэр маань надаас хол Эрдэнэт хотод төрсөн. Би өөрөө Төв аймагт ажлаа хийгээд байж байлаа.Шинэ он гарах гээд ажил ихтэй байлаа.
Бадралмаа: Манай хүн тухайн үед сэтгэл нь хөдлөөд нэг аяга оргилуун дарс уугаад согтсон гэдэг. Бид хоёрын хувьд өнөр өтгөн гэр бүл болохыг хүсдэг. Ээж болно гэдэг хамгийн аз жаргалтай мөч. Төгс хүн гэж ээж хүнийг хэлдэг. Би охинтой болсноороо ээжийтэйгээ урьд нь харьцаж, хайрлаж үзээгүйгээр их хайрладаг. Хүн үртэй болоод ирэхээрээ их уяхан, зөөлхөн болдог юм билээ. Үр хүүхэдгүй байхдаа тэр болгоныг сайн мэддэггүй байсан. Одоогоор охиндоо анхаарал сайн хандуулж чадахгүй байна. Бид хоёрын ар гэрийг аав ээж нар маань сайхан авч яваа. Бид хоёрыг уран бүтээл хийх бүх бололцоогоор хангаж өгдөг аав ээждээ урт удаан наслаарай гэж ерөөе.
-Зохиолын дууны урлагт өдрөөс өдөрт шинэ залуу уран бүтээлчид төрөн гарч ирж байна. Үүнээс үзэхэд хөдөлмөрлөхгүй бол болохгүй гэдэг зүйл харагдаж байх шиг?
-Оюунбат: Нэг үеэ бодвол урлагийг хүмүүс үнэлж чаддаг болсон. Хийж бүтээсэн уран бүтээлээ сэтгэл зүрхнээсээ гаргаж тууштай хөдөлмөрлөхгүй бол үр шимийг нь хүртэхгүй. Хэрвээ хөдөлмөрлөж чадвал бидэнд урлагийн зах зээл нээлттэй байдаг.
Бадралмаа: Залуу уран бүтээлчид маань нэг зорьсон зорилгодоо тууштай явах хэрэгтэй. Аливаа юм бүхнийг хийгээд тэр даруйд нь үр шимийг нь хүртэнэ гэж байдаггүй. Тууштай хөдөлмөрлөж хөлсөө тусаасны эцэст нэг л өдөр нар нь гардаг.
Оюунбат: Сүүлийн үед дуулах дуртай хүмүүс олон болсон. Учир нь олдохгүй уран бүтээлчид их болохоор хүмүүс шүүмжилдэг байх. Энэ урлагт уран сайхны хүмүүс орж ирснээрээ бусдын шүүмжинд өртөгдөөд байгаа. Аливаа юм бүхэн цэнзүүртэй, үнэ цэнэтэй, утга учиртай байх ёстой. Бидний хувьд мэргэжлийн сургуулийг нь төгсөж сурсан мэдсэн зүйлээ бусдад тайлагнаж чаддагаараа онцлог болов уу.
-Борооны дараах мөөг шиг олон студи продакшн гарч ирэх болсон. Тиймээс урлагийг бизнес гэж бодон идэх талхныхаа араас хөөцөлдөөд байна уу?
-Оюунбат: Бусдаас нэг алхамын өмнө явах ёстой. Хамгийн гол нь хөдөлмөрлөх чин үнэнч байх хэрэгтэй. Хөдөлмөрийн үр шимийг үзнэ гэдэг хамгийн сайхан.
Бадралмаа: Өнөөдрийн нийгэмд студи продакшн байгуулаад тэр даруйд нь дуучин төрүүлдэг болж. Дуучин бэлдэхдээ мэргэжлийн маш сайн хүн бэлдэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр дөнгөж эхлүүлээд орхидог хүмүүс бий. Юм бүхэн цэнзүүртэй. Урлаг гэдэг том аялалын дундаас шүүгдэж шигшигдэн байж гарч ирдэг. Хүмүүс тайзан дээр гараад дуулахаар маш сайхан байдаг гэж боддог. Үүний цаана олон амаргүй асуудал байдаг. Жишээлбэл мөнгө санхүү, ар гэр гээд олон шантрах үе юм бий. Бид энэ бүгдийг даван туулсаар эхнээсээ үр шимийг нь хүртэж байна.
Оюунбат: Үр шимийг нь хүртэх гэхээр хүмүүс янз бүрээр бодож байж магадгүй. Бид хоёр Монгол бөхийн өргөөнд бие даасан тоглолтоо хийх юмсан гэж маш их бодож байлаа. Өмнө нь Улаанбаатар хотноо бие даасан уран бүтээлээ хийгээгүй ч хөдөө орон нутгаар хийж байсан удаатай. Аливаа юм бүхэн шат дарааллаараа явбал илүү сайхан санагддаг. Тэр хүсэл мөрөөдөл маань биелэлээ олж анхны тоглолтоо хийхээр өдөр судраа товлон зарлалаа.
-Намрын өдрүүдэд найр хурим ихтэй байдаг. Яагаад заавал намрын налгар сарыг сонгон хийв. Цаанаа учир шалтгаантай байна уу?
-Бадралмаа: Энэ асуултыг олон сэтгүүлч асууж байна. Хамгийн гол нь бид хоёр есийн тоог их бэлэгшээдэг. Энэ намрын зохиолын дуучдын хамгийн анхных нь байгаасай гэдэг үүднээс энэ сарыг сонгосон. Мөн уран бүтээл хийж эхэлснээс хойш есөн жил өнгөрсөн байна. Тухайн өдөр тав дахь өдөр буюу маш сайн өдөр байгаа. Хүмүүс ажлынхаа алжаалыг тайлж амраг хостойгоо бидний тоглолтыг ирж үзэх байхаа гэдэг итгэлтэй байгаа.
-Бие даасан уран бүтээл хийж байхад залуу уран бүтээлчид ихээр үздэг нь ажиглагдсан. Та хоёрын хувьд урьд урьдын уран бүтээлчдээс суралцсан зүйлс бий болов уу?
-Биднийг оюутан байхад Баясгалан, Жавхлан, Эрдэнэтунгалаг, Батсайхан гээд уран бүтээлчид тоглолтоо хийдэг байсан. Түүнийг нь ирж үзэж ололт амжилтыг нь мэдэрдэг байлаа. Бас тухайн тоглолтоос санаа авч, суралцаж алдаа оноог нь хардаг байсан. Бусдаас суралцана гэдэг маш том давуу тал болов уу.
-Тоглолтынхоо гэнэтийн бэлгээс хуваалцахгүй юу?
-Бидний тоглолтыг олон сайхан компаниуд ивээн тэтгэж байгаа. Бидний “Зүрхний наран” тоглолтыг үзсэн үзэгчид дундаас аз нь алгандаа багтсан нэг азтан Монгол аялал компанийн хөтөлбөрөөр гадаадыг зорих байгаа. Мөн бидний тоглолтонд зууны манлай хос дуучин Вандан, Дуламсүрэн, МУГЖ Ганзориг, СТА Хосбаяр, бүжгийн Хатантуул хамтлаг оролцоно. Мөн Баянмонгол чуулгатай хамтарч 60,70-аад оны сэтгэлд хоногшсон сайхан уран бүтээлүүдийг эгшиглүүлэх болно.
-Зохиолын дууны урлагт халуун, дулаан уур амьсгалтай гэр бүлээрээ олон сайхан уран бүтээлийг хийж бүтээгээрэй?
-За баярлалаа. Ингээд бүгдээрээ есдүгээр сарын 27-ны 19.00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд олон сайхан хайрын дуунууд эгшиглэсэн “Зүрхний наран” тоглолтон дээр уулзацгаая.