Чуулган маргааш хуралдахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Чуулган маргааш хуралдахаар боллоо

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш 09.00 цагт хуралдахаар боллоо.

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэхээр төлөвлөж, 14.00 цагт хуралдахаар товлоод байв. МАН-ын бүлгээс өчигдөр "Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор холбогдох яамд, газраас мэдээлэл авах шаардлагатай байна" гэсэн хүсэлт гаргаж, чуулганаас өмнө бүлэг дээр мэдээлэл сонсохоор болсон тул УИХ-ын нэгдсэн чуулган үдээс өмнө хуралдалгүй, МАН-ын бүлгийг хүлээж байсан юм.

Ингээд өнөөдөр 15 цагийн үед чуулган эхэлж, УИХ-ын дарга З.Энхболд МАН-ын бүлгийн даргыг тайлбар хийхийг хүссэн юм. МАН-ын бүлгийг төлөөлөн Н.Энхболд "МАН-ын бүлгийнхэн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үндэсний статистикийн хорооны дарга нараас мэдээлэл авч байгаа ч хараахан дуусаагүй байна. Тиймээс мэдээлэл авах боломжоор хангаж, чуулганы хуралдааныг түр хойшлуулахыг хүсч байна" гэсэн юм. Түүний энэ хүсэлтийг УИХ-ын дарга хүлээн авч, өнөөдрийн чуулганы хуралдааныг дахин хойшлуулж, маргааш 09 цагт эхлүүлэх тов гаргалаа. Ийнхүү МАН-ынхан Ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор хоёр дахь өдрөө чөлөө авч, чуулганы хуралдаан хоёр удаа хойшиллоо.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж