
Нисэхийн “Цагаан хаалга”-ыг шилжүүлэн байрлуулах тухай нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж танилцууллаа. Хан-Уул дүүрэгт байрлах нисэхийн Цагаан хаалгыг анх 1957 онд ЗХУ-ын дээд зөвлөлийн дарга К.Е.Ворошиловын Монгол улсад хийх айлчлалыг тохиолдуулан барьжээ. Тус хаалганд хоёр улсын сүлд байдаг нь энэхүү үйл явдлыг илтгэдэг. Тухайн үедээ “Найрамдлын хаалга” гэгддэг байсан ч он цаг өнгөрсөөр “Цагаан хаалга” хэмээн нэрлэх болжээ. Нисэхийн цагаан хаалгаар өмнө нь баруун аймгийн тээврийн машинууд нэвтэрдэг байсан бөгөөд өнөөгийн “22-ын шалган бүртгэх товчоо” байсан. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбогдуулан, Яармагийн гүүрээс Нисэх, Нисэхийн товчоо хүртэлх 13.7 км замын трасст орж буй нисэхийн “Цагаан хаалга”-ыг татан буулгаж, “Хөшигийн хөндийд” баригдах олон улсын нисэх буудлын авто замын чиглэлд Айдсын даваа орчимд барих саналыг Тэргүүлэгчидэд танилцууллаа. Саналыг Тэргүүлэгчид хэлэлцэн, тогтоол гаргаж, буулгахаар боллоо.
Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” НӨҮГазрыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ болгон өөрчлөх тухай Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. 2012-2016 оны нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон нийгэм эдийн засгийн зорилтыг ханган биелүүлэхэд хотын шинэ дэд төвүүд, суурьшлийн бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу инженерийн дэд бүтэц бие даасан дулааны шинэ эх үүсвэр, бага оврын цэвэрлэх байгууламж, дулаан хангамж, цэвэр бохир усны шугам сүлжээг барьж байгаа тул иргэд, хэрэглэгчдийн тав тухтай байдлыг хангах, инженерийн байгууламжийн техник технологи, ашиглалтын бодлогыг эхнээс нь зөв төлөвлөн хэрэгжүүлэх зорилгоор “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар”-ыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” болгон нэр, дүрэм, бүтэц зохион байгуулалтыг нь өөрчлөх шаардлагатай болсныг хэллээ. Ингэснээр нийслэлд хэсэгчилсэн дулаан хангамжаар одоогоор ашиглагдаж байгаа 200 халаалтын зуухны техник, технологи ашиглалтын бодлого зохицуулан, агаарын бохирдлыг бууруулах, нэгдсэн удирдлагын төвтэй нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж, хэсэгчилсэн инженерийн байгууламжийн мэдээллийн нэгдсэн сангийн систем бий болох юм. Тэргүүлэгчид хэлэлцэн олонхийн саналаар тогтоол гаргаж баталлаа.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан 2013 оны 9 сарын 26-ны өдрийн Пүрэв гаригт хуралдахаар боллоо. Хуралдаанаар Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг батлах тухай, Хог тээврийн тариф батлах тухай асуудлыг хэлэлцэхээр Тэргүүлэгчид баталлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.