Засгийн газрын зүгээс эдийн засаг хямраагүй, хүндрэл учрахгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа ч МАН-ын зүгээс эдийн засаг хүндрэлтэй байгаа цаашид ч хүндрэх төлөвтэй байгаа гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Хуралдааны үеэр МАН-ын бүлгийн гишүүн Ж.Энхбаяр "Эдийн засгийн нөхцөл байдлыг олон талаас нь авч үзэх ёстой. Хүчин зүйл нь ч өөр учраас Монголбанк, Засгийн газар хоёрын мэдээллийг тус тусад нь сонсоё" гэсэн горимын санал гаргасан ч мэдээлэл сонсч байгаа учраас хуралдааныг үргэлжүүлэхээр болсон юм.
МАН-ын бүлгийн хуралдаанд эхний ээлжинд Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ны дарга С.Мэндсайхан эдийн засгийн гол гол үзүүлэлтийн статистик мэдээллийг өгч, үүний дараа гишүүд асуулт, тодруулга авсан юм. ҮСХ-ны дарга С.Мэндсайханы хэлснээр, тус хороо нь сар бүрийн 10-ний өдөр өнгөрсөн сарын мэдээллээ гаргадаг бөгөөд энэ сарын 10-ны байдлаар гаргасан статистик тоог танилцууллаа С.Мэндсайхан даргын хэлснээр, Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн ч хямралын байдалд хүрээгүй байгаа гэдгийг мэдэгдсэн юм. 2013 оны одоогийн байдлаар эдийн засаг өнгөрсөн оны үеийхээс 6,7 хувийн өсөлттэй, өнгөрсөн оны энэ үеийнхээс 9,4 хувийн өсөлттэй байна. Экспорт эхний найман сарын байдлаар нийт эргэлт 6,9 тэрбум ам.доллар, экспорт 2,8 тэрбум ам.доллар байсан бол энэ жил 2,7 тэрбум ам.доллар болсон талаар таницууллаа. Экспорт, импортын хэмжээ буурсан, нүүрсний нийлүүлэлт буурсан ч зэс, хүдэр, газрын тосных буурсан гэлээ. ҮСХ мэдээлэл хийсний дараа МАН-ын бүлгийн гишүүд асуулт тодруулга хийсэн юм.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Гадаад худалдааны алдагдал яг хэд байна вэ, үүнээс болж ам.долларын ханшинд өөрчлөлт ороод байна уу" гэсэн асуултад ҮСХ-ны дарга С.Мэндсайхан "Статистикийн хуулийн дагуу бид гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг улирал, жилээр гаргадаг. Тиймээс бид Засгийн газрын өгсөн мэдээллээр статистик тоог гаргадаг. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Өнгөрсөн жил 1,7 тэрбум ам.доллар байсан бол Гадаад худалдааны алдагдал 1,5 тэрбум ам.доллар байгаа" гэлээ. Үүн дээр Монголбанкны ерөнхийлөгч Золжаргал "Одоогоор гадаад худалдааны алдагдал нэг тэрбум байна" гэсэн хариултыг өгсөн юм.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Өнгөрсөн наймдугаар сард эрчим хүчний үнийг нэмсэн. Энэ нь инфляцид эрчим хүчний үнэ орсон уу" гэсэн асуултад С.Мэндсайхан "Эрчим хүчний үнэ инфляцид орсон. Орон сууц, дулаан, цахилгаан, ус хийн дулааны үнэ эхний найман сарын дүнгээр долоон хувь өссөн" үзүүлэлттэй байна.
Үүний дараа УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Эрх баригчид эдийн засаг хямраагүй, сайхан байна гэж яриад байгаа. ҮСХ эдийн засгийн нөхцөл байдлыг юу гэж харж байна вэ. Хямрал үүсээд байна уу, үүссэн бол юунаас нөлөөлж байна вэ" гэсэн асуултад С.Мэндсайхан "Эдийн засаг хүндрэлтэй байгаа. Гэвч арай хямрал нүүрлээгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалт, хурд нь саарсан үнийн өсөлт, амьжиргааны түвшин нэмэгдсэн ч баян ядуугийн ялгаа гарч байгаа гэх мэт асуудал байгаа ч яг одоохондоо хямрал үүсээгүй байна" гэсэн хариултыг өгсөн юм. Мөн Я.Содбаатар гишүүн "ҮСХ сүүлийн үед Засгийн газрын өмнөөс гал хамгаалагчийн үүргийг гүйцэтгэж байна. ҮСХ тийм үүрэгтэй байгууллага" гэсэн шүүмжлэлийг хэлсэн юм.
Дараагийн асуултыг МАН-ын бүлгийн гишүүн Ё.Отгонбаяр "Засгийн газарт ямар мэдээлэл байгаа учраас хүндрэл үүсэхгүй, асуудалгүй сайхан байна гэж мэдэгдээд байна вэ. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар манай улс эдийн засаг ухарсан, инфляцийн түвшин 15-д хүрсэн гэх мэт мэдээллийг өгөөд байгаа. Тэгэхээр энэ тоо, мэдээлэл яагаад зөрүүтэй байгаа байна" гэдгийг тодруулахад, С.Мэндсайхан "Бид Засгийн газарт өгсөн мэдээллээ энд өгч байна. Инфляцийн хувьд тодорхой тоог олон улсын байгууллага өгсөн бол манай тоотой зөрөх ёсгүй" гэлээ. С.Мэндсайхан даргын хэлснээр, ҮСХ өнөөдрөөс хойшхи прогноз гаргадаггүй. Тиймээс цаашид юу болох вэ, яах вэ гэсэн прогноз гаргах ёсгүй гэдгийг онцолсон юм.
МАН-ын бүлгийн мэдээлэл сонсох хурал үргэлжилж байна.