Тэрээр "Өнгөрөгч гуравдугаар сард Японы ерөнхий сайд Монгол Улсад айлчилсан. Энэ айлчлалаас хойш зургаан сарын хугацааны дараа бид айлчлал хийлээ. Энэ хугацаад хоёр орны хооронд олон бодит ажил, хэлцэл явагдсан. Айлчлалын хүрээнд стратегийн дунд хугацааны түншлэлийг баталлаа. Хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчидтай ч үр ашигтай уулзалтууд хийсэн. Тухайн улсын хөрөнгийн зах зээлд мөнгө босгох боломжийг ч ажил хэрэг болгохоор болсон. Мөн онцолвол, эдийн засгийн үзүүлэлтийг өргөх таван хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, ээлжит чуулганаар хэлэлцүүлж байна. Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг эхнээс нь хэлэлцээд явж байна. Жишээ болгож тайлбарлавал, Түгээмэл тархацтай ашигт малтмалыг үндсэн ашигт малтмалаас ангилах шалтгаан нь бүтээн байгуулалтын ажлыг саадгүй явуулахтай холбоотой. Өөрөөр хэлбэл тухайн орон нутгаасаа шавар, шохойн олборлолт хийх гээд Ашигт малтмалын хуулиас болж хугацаа боломж алдахгүй байна гэсэн утгатай" гэв.
Ийнхүү хоёр асуудлыг онцолсны дараагаар хэвлэлийнхэний асуултанд хариулт өгсөн юм.
-Найман хувийн хүүтэй орон сууцны зээл хумигдаж байгаа гэх мэдээлэл байна. Жишээ нь, Хаан банк бүх салбаруудаар биш тодорхой нэг хоёр салбараар олгох болсон, Хас банк урьдчилгааг 50-60 хувьд хүргэсэн байна. Үүнд тайлбар хийгээч?
-Энэ хөтөлбөр хэрэгжих эхлэх үед л зогсоно гэцгээж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл зогсоогүй л байгаа биз дээ. Урьдчилгаагаа 50-60 хувьд хүргэж байгаа юм бол “Хас” банк энэ хөтөлбөрөөс гарч байгаа юм байлгүй. Хэрэв үнэн бол энэ хөтөлбөрөөс гарч байна л гэсэн үг. Иргэдэд сонголт нь бий шүү дээ. Хэн 50 хувийн урьдчилгаа хийх вэ дээ. Тэгээд ч Хас банк тийм ч том банк биш.
-Амины орон сууцыг найман хувийн зээлд хамруулах боломж байгаа болов уу гэдэг асуудлыг иргэдээс тавьж байна. Ийм боломж бий юу?
– Ямартай ч энэ асуудлаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Гэхдээ ойрын хугацаанд амины орон сууцыг найман хувийн хүүтэй орон сууцны зээлээр авах тухай зүйл байхгүй.
-Шатахууны хомсдол үүсч байгаа. Зарим төрлийн түлш байхгүй гэж байна?
-Шатахуун дээр ямар ч асуудал байхгүй. Үнийг өсгөхгүй байх бүх аргыг Засгийн газар авчихсан. Зохиомлоор л хомсдуулахгүй бол зүгээр.
-Төсвийн тодотгол хийх ёстой. Зардлыг танах ёстой гэж байгаад ямар хариу өгөх вэ?
-Тодотгол хийх нөхцөл гэж бий. Ч.Улаан сайдын хэлснээр ийм нөхцөл үүсээгүй байна. Гэхдээ хэмнэж болох зардлыг хэмнэвэл 200 тэрбумын хэмнэлт ч гарах тооцоо байна. Ямартай ч гадаад дотоодын зарим айлчлалыг ч хийхгүй байх даалгавар өгсөн.
-Оюутолгойн асуудал юу болж байна?
-“Эрдэнэс Оюутолгой”-н удирдлага өөрчлөгдсөн. Энэ шинэ удирдлагын баг ирэх бямба гаригт Лондон руу явж, “Рио Тинто”-гийн удирдлагатай уулзана. Тэд гүний уурхайн санхүүжилтэнд яаж мөнгө босгох талаар тодорхой мэдээллүүд авчрах болно.
-Нүүрсний үнийг өсгөхгүй байх бодлого хэрэгжүүлэх үү?
-Өнгөрсөн жил Засгийн газар нүүрсний асуудалд арга хэмжээ авсан. Энэ чиглэлээр ажиллана. Гол нь уурхайгаас саадгүй ачдаг, асуудалгүй зөөвөрлөдөг, энд савлахад нь хүндрэлгүй болгочихвол нүүрсний үнэ өсөхгүй. Ер нь үнэ нэмэгдэж байна, нэмэх гэж байна, хямарч байна гэж цуурхалаар хямраах гэдэг хүмүүс байна. Тухайлбал, вальютын ханшийг иймэрхүү байдлаар өсгөлөө. Иймд бид вальютын ханшийг хөөргөж мөнгө хүүлсэн улсыг удахгүй олох болно.