Д.Бат-Эрдэнэ БНХАУ-д айлчлал хийж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Д.Бат-Эрдэнэ БНХАУ-д айлчлал хийж байна

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай Хэлэлцээр” байгуулагдлаа

Монгол
Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэний
БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна. Айлчлалын
хоёр дахь өдөр тэрээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Цэргийн төв
зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд Чан Ванцюаньтай уулзаж, албан
ёсны хэлэлцээр хийлээ.

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг
БНХАУ-ын Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд БНХАУ-ын Батлан
хамгаалахын сайд Чан Ванцюань угтан авч, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн 3
төрлийн цэргийн хүндэт харуул сайд Д.Бат-Эрдэнийг хүндэтгэн илтгэл өгч,
мэндчиллээ.

Угтан авсны дараагаар хоёр улсын Батлан хамгаалахын
сайд нар албан ёсны хэлэлцээр хийлээ. Хэлэлцээрийн үеэр талууд бүс
нутгийн аюулгүй байдал, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, түүнчлэн
хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, түүний цаашдын
төлвийн талаар харилцан санал солилцов.

Талууд хэлэлцээрийн
эхэнд Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, түүнд бүс нутгийн
улсууд болон бусад улсын үзүүлж буй нөлөөлөл, Солонгосын хойгийн
асуудлаар харилцан ярилцлаа. Талууд Ази-Номхон далайн бүс нутгийн улс
орнуудын итгэлцэл, харилцан ашигтай, хамтын ажиллагаа нь бүс нутгийн энх
тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангахад
чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв.

Түүнчлэн
хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, соёл, боловсрол,
худалдаа, эдийн засаг зэрэг олон салбарыг хамран улам эрчимтэй өргөжин,
2011 оноос эхлэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд дэвшин хөгжиж
байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан  илэрхийллээ.

Хоёр
орны Батлан хамгаалахын сайд нар салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь
Монгол-Хятадын стратегийн түншлэлийн харилцааны нэг гол багана гэдгийг
онцлон тэмдэглэж, цаашид энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр харилцан
туршлага солилцох, хамтарсан дадлага сургуулийг тогтмол зохион
байгуулах, цэргийн мэргэжлийн боловсон хүчин сургаж бэлтгэх, сургалтын
материаллаг баазыг бэхжүүлэх, шинэ технологи, судалгаа шинжилгээний
салбар болон батлан хамгаалах аж үйлдвэрийн салбаруудад хамтран ажиллах
талаар харилцан ярилцаж, тодорхой тохиролцоонд хүрлээ.

Хэлэлцээрийн
дараагаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд     Д.Бат-Эрдэнэ,
БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ванцюань нар хоёр
улсын Засгийн газар хоорондын “Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай
Хэлэлцээр”, “БНХАУ-аас Монгол Улсад цэргийн буцалтгүй тусламж олгох
тухай Монгол Улс, БНХАУ-ын Батлан хамгаалах яам хоорондын хэлэлцээр”-т
тус тус гарын үсэг зурав. Засгийн газар хоорондын энэхүү хэлэлцээрийн
хүрээнд БНХАУ-тай бүх төрлийн цэрэг-техникийн хамтын ажиллагааг
хөгжүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.

Монгол Улсын Батлан
хамгаалахын сайд Д.Бат-Эрдэний энэ удаагийн албан ёсны айлчлал нь Монгол
Улс, БНХАУ-ын харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, хоёр орны
стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, түүний дотор батлан
хамгаалах салбарын харилцааны түвшинг шинэ шатанд гаргасан онцлог үйл
явдал боллоо. 

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД УРД ХӨРШӨӨР


Монгол
Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэний БНХАУ-ын Батлан хамгаалахын
сайд Чан Ванцюаний урилгаар 2013 оны 9 дүгээр сарын 16-21-ний өдрүүдэд
БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ. Өчигдөр Батлан хамгаалахын сайд
Д.Бат-Эрдэнийг БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао Бүх Хятадын Ардын Их
Хурлын Ордонд хүлээн авч уулзлаа.

Батлан хамгаалахын сайд
Д.Бат-Эрдэнэ БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао нар хоёр талын харилцаа,
хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин гүнзгийрч, шинэ агуулга хэлбэрээр
баяжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан  илэрхийлэн, цаашид
талууд бодит үр ашиг авчрах томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх,
ялангуяа уул уурхай, дэд бүтэц, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг
хөгжүүлэх замаар идэвхтэй хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой
талаар харилцан санал солилцлоо.

Талууд хоёр орны батлан
хамгаалах салбарын харилцаа нь Монгол-Хятадын стратегийн түншлэлийн
харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх учиртайг онцлон тэмдэглэж,
айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд байгуулагдах
“Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай Хэлэлцээр” нь хоёр орны
стратегийн түншлэлийн харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын
хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад тодорхой түлхэц үзүүлнэ гэдэгт
санал нэгдэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж