Хүннүгийн үеийн булшны малтлагыг хийж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Хүннүгийн үеийн булшны малтлагыг хийж байна

Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг буюу Зүүнсалааны шинэ эцэс орчмоос Хүннүгийн үеийн булш өнгөрөгч хавар олдсон. Харин энэ сарын 6-аас эхлэн тус булшийг малтах ажил эхэлсэн. Тиймээс өнөөдөр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл малтлагын ажлын явц байдалтай очиж танилцлаа. Тус газар нийтдээ 29 булш байгаа аж. Харин Хүннүгийн үеийн булшийг язгууртаны болон жирийн иргэдийн гэж ангилдаг бөгөөд Зүүнсалаа орчмоос олдсон эдгээр булшууд жирийн иргэдийн булш юм байна. Эдгээр булшийн малтлагыг ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн бага хамт олон хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар хоёр булшийг бүрэн малтаж гаргажээ. Гэсэн ч ихэнх булшууд нь айлын хашаан дотор байгаа нь ихээхэн хүндрэл учруулж байгааг тэд хэлж байлаа. Зарим иргэд “Газар доорх баялаг улсын өмч” гэдгийг ухаарч, малтлагын ажилд тусалж байхад зарим нь хашаан дотроо малтлага хийлгэх дургүй байгаа аж. Энэ жилийн хувьд малтлагын ажлыг зөвхөн ил буюу машин зам дээр байгаа эвдэрч сүйдэх, устаж үгүй болох магадлал өндөр булшнуудыг малтах юм байна.

Харин ирэх жилээс айлуудын хашаан дотор, байшингийн суурин дор байгаа булшнуудыг малтахаар болжээ. Тиймээс ССАЖ-ын сайд ирэх жилийн малтлагын санхүүд айлуудын хашаанд малтлага хийхэд шаардагдах нөхөн төлбөр, зардлыг нэмж тусгаж өгнө гэдгээ хэлсэн юм.

Тус оршуулгын газраас модон аяга, хүрэл толь зэрэг тухайн үеийн эд
өлгийн зүйл нилээд олдож байгаагийн хамгийн үнэтэй олдвор нь тариа,
будаа олдсон явдал ажээ. Мөн эдгээр булшнуудын хадгалалт харьцангуй сайн
бөгөөд малтлагаар гаргасан зүйлсийг тусгай лабораторын шинжилгээнд
хамруулсаны дараа музейд байрлуулах юм.

Т.ДАРХАН







NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж