Иргэний нисэхийнхэн шинэчлэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Иргэний нисэхийнхэн шинэчлэгдэнэ

Иргэний нисэхийн ерөнхий газраас “Салбарын шинэчлэл-2013” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна. Зөвлөгөөн "Туушин" компанийн байранд болж байна.

Зөвлөгөөний үеэр тус газрын дарга С.Буяндалай салбарын ажлаа дүгнэхдээ “Бид аюулгүй ажиллагааны төвшингөөрөө Ази Номхон далайн бүсдээ тавдугаарт, дэлхийн хэмжээнд 15 дугаарт жагсаж байна. Энэхүү амжилтаа ахиулж ажиллах боломж бидэнд бий. 2020 он гэхэд бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх, ойрын жилүүдэд эхний гурван байрт багтах зорилтыг дэвшүүлэн тавьсан” хэмээн өгүүлсэн юм. Далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээвэр нь тэргүүлэх салбарын нэг гэдгийг салбарын сайд А.Гансүх хэлээд цаашид эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд иргэний нисэхийн салбар онцгой үүрэгтэйг тодотгосон юм.
Өнгөрсөн онд нийт нислэгийн тоо анх удаа 100 мянгыг давж, “Чингис хаан” нисэх онгоцны буудлаар 1,2 сая иргэн үйлчлүүлжээ. Мөн өөрийн нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч буй агаарын хөлгүүдийн 80 гаруй хувийг удирдах боломжтой болсон байна. Тиймээс ч бүс нутгийн хэмжээнд агаарын зайн аюулгүй байдлаараа манай улс хоёрдугаарт үнэлэгджээ. Иргэний нисэхийн салбарын зорчигч тээвэрлэлт өмнөх оноос 23,1 хувиар, тээсэн ачаа 4,7 хувиар, шуудан тээвэр 17,2 хувиар тус тус өссөн байна. Одоогийн байдлаар манай улсад агаарын тээврийн 10 компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийтдээ 51 агаарын хөлөг бүртгэлтэй гэнэ. Энэ мэт ололт амжилтаа хэлэлцэхийн дээр цаашид хэрхэн ажиллах, ямар ямар шинэ тутам зорилтыг дэвшүүлэх талаараа Иргэний нисэхийн салбарынхан хэлэлцэж байна. “Салбарын шинэчлэл-2013” зөвлөгөөн бүтэн өдөр үргэлжилнэ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж