
Тодруулбал, есдүгээр сарын 3-ны шөнө “Дөлгөөн нуур” зочид буудлын зам дагуу байрлах “Үүрдийн гэгээ” сүмийн арын хашаа руу н.Жанхай хэмээх хятад эзэнтэй “Буянзориг” компанийн ажилчид халдсан байна. Тус сүмийнхэн 2008 онд “Чин удам” ХХК-ийн хүсэлтээр газраа сольж, сүмийн ард байрлах 60, 62 дугаар байруудыг бариулжээ. Гэтэл “Чин удам” компанийнхан нэрээ “Буянзориг” болгон өөрчилж, сольсон газраа эргүүлж авах гэснээс хоёр байгууллагын хооронд маргаан үүссэн байна.
“Буянзориг” компанийн эзэн “Манай компани өөрийн эзэмшил газраар дайруулан дулааны хос шугам татна. Бидний ажилд саад болж байгаад гомдолтой байна” гэж гэсэн бол тэдний өөрсдийн эзэмшил гээд байгаа 3 метрийн өргөн, 15 метрийн урттай газар нь 2008 онд шударгаар солилцсон “Үүрдийн гэгээ” сүмийнх болж таарчээ. Газар солилцох гэрээг үл тоосон тус компанитай “Үүрдийн гэгээ” сүмийнхэн хуулийн хүрээнд асуудлаа шийдүүлэхээр болж, гэрээг үйлдсэн нэр бүхий албан тушаалтныг Захиргааны хэргийн шүүхэд өгөхөөр болсон тухай сүмийн нягтлан Г.Сайн-Учрал ярилаа.
Т.ДАРХАН