Тэслэгч бодис нэмж илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Тэслэгч бодис нэмж илрүүлжээ

“Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн хэрэгжилтийг эсэргүүцсэн “Гал үндэстэн” холбооныхны жагсаал шуугиан дэгдээгээд байна. Тодруулбал, тус холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй гишүүд зөвшөөрөлгүйгээр жагсаал, цуглаан хийх үеэрээ галт зэвсэг барьж, төрийн хамгаалалттай бүсүүдэд тэсрэх бөмбөг байрлуулсан хэрэг энэ сарын 16-нд гарсан. Тагнуул, цагдаа хүчнийхэн иргэдийн мэдээллийн дагуу шуурхай ажилласны дүнд жагсагчдыг иргэдэд гарз, хохирол учруулахаас өмнө саатуулан баривчлаад байгаа юм.




Хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны ажилтан Б.Зулаас тодрууллаа.


-Хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Мөрдөн байцаалтын явцад гранат 11, гранат тэслэгч арав, Сайга буу нэг, гар буу нэг, том, жижиг сум 101, тротил 11, титонатри есөн ширхгийг тус тус нэмж илрүүлээд байна. Эдгээр галт зэвсэг, тэсрэх бөмбөгийг хаанаас илрүүлсэн талаархи мэдээллийг өгөх боломжгүй. Сэжигтнүүдийг илрүүлэн, саатуулдаг өдөр нийт гурван буу, 7,62 мм-ын голчтой 36 ширхэг сум, есөн ширхэг гар гранат, бусад тэслэгч илрүүлж, хураан авсан байгаа.

-Хэдэн хүнийг цагдан хорьсон бэ? Сэжигтнүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Одоогоор “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнийг цагдан хорьж шалгаж байгаа. Тэрнээс дэлгэрэнгүй мэдээллийг хэлэх боломжгүй.

-Сэжигтнүүдийг ямар хэрэгт буруутгаж байгаа вэ?

-Сэжигтнүүдэд Эрүүгийн хуулийн 177-д заасан зандалчлах /олон нийтэд аюул заналхийлсэн/, 91.2.13-д заасан нийтэд аюултай аргаар буюу хүндрүүлэх нөхцөлтэйгээр бусдыг хөнөөхийг завдсан гэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэсэн.
 

Д.ЖАРГАЛ





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж