Монгол III сургуулийн барилгын ажил удааширч байна

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Монгол III сургуулийн барилгын ажил удааширч байна

Өнгөрсөн онд нийслэлийн боловсролын салбарт 45.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дөрвөн сургууль, 12 цэцэрлэгийн барилгын ажлыг шинээр эхлүү­лэхээр болсон билээ. Эдгээр сур­гуулийн нэг нь Монгол гуравдугаар сургууль юм. Гэтэл уг сургуулийн шинэ барилгын ажил одоо болтол эхлээгүй байна. Эхлүүлэх нь байтугай хуучин сургуулийн ба­рил­гыг одоо болтол нураагаагүй байна. Монгол гуравдугаар сургуу­лийн бага ангийн сурагчид өн­гөрөгч 2012-2013 оны хичээлийн жилд дөрөвдүгээр сургууль дээр бага ангийн гурван ээлжээр хичээллэсэн. Харин 16 дугаар сургууль дээр дунд, ахлах ангийн 12 бүлэг хоёр ээлжээр хичээллэж байсан. Гэтэл энэ жил мөн л энэ байдал дахин давтагдаж байна. Зарим сурагч нь “Сургуульдаа эргэж очиж болохгүй юм уу” хэмээн багшаасаа шалж байгаа гэнэ.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвс­гэрт байр­лах энэхүү сургуулийн ба­рил­гыг энэ оны зургаадугаар са­рын дундуур нурааж, шинэ барилгын ажлыг эхлүүлнэ гэж холбогдох албаны хүмүүс нь мэдээлж бай­сан. Гэвч одоог хүртэл хоёр жилийн хугацаанд тус сургуулийн барилгын ажил эхлэх эсэх нь тодорхойгүй байна. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яам­ны Барилга захиалагчийн аж­лын албанаас тодруулах гэсэн бо­ловч тус тендерийн ажлыг нийс­­лэл рүү шилжүүлсэн гэх юм. Ал­баны эх сурвалж “Энэ оны хоёр сард гурав, 11 дүгээр сургуулийн барилгын ажлыг Нийслэлийн барилга за­хиалагчийн ажлын алба авсан. Одоогоор 11 дүгээр сургуулийн барилгыг бүрэн нурааж хашааг нь цэвэрлэж барилга бари­хад бэлэн болоод байгаа. Тендерээ ч шалгаруулаад ажлаа эхэлчихсэн байгаа. Харин гуравдугаар сур­гуулийн барилга барих ком­пани нь шалгарчихсан. Хамгийн гол нь барилгыг нь нураах ажил  хүлээгдэж байгаа юм шиг байна билээ”  хэмээн хэлсэн юм. Барилгыг нураах тө­сөв батлагдаагүй болохоор одоо болтол нураахгүй байгаа аж. Сур­гуулийн хашаа болон барилга байгууламж битүүмжлэгдсэн байсан. Сур­гуулийн ойролцоох оршин суугчид “Шөнө дөлөөр хүү­хэд залуучууд орж тоглодог юм шиг байна билээ. Зарим үед тэнэмэл хүмүүсч орчихсон байдаг юм” хэмээн хэлж байлаа.

Ингээд дөрөвдүгээр сургууль дээр очиход нэг сургуулийн бай­ранд хоёр сургуулийн сурагчид хичээллэж бай­гаа учраас ачаалал ихтэй бай­гаа нь илт байлаа. Учир нь өдрийн ээлжийн ангиудын хичээл орох цаг нь болчихсон, хүүхдүүд бужигнаад нэлээд хөлд дарагдсан харагдсан. Энэ үеэр хүүхдээ хүргэж ирсэн эцэг, эхчүүдтэй уулзаж, хүүхдүүдийн сурч байгаа орчны х нь талаар сэт­гэгдлийг сонслоо.

Сүхбаатар дүүргийн  аравдугаар хорооны иргэн Д. Баярчулуун: НЭГ СУРГУУЛИЙН БАЙРАНД ХОЁР СУРГУУЛЬ ХИЧЭЭЛЛЭХ ХЭЦҮҮ

-Нэг сургуульд хоёр сургууль хичээллэх мэдээж хэцүү. Хамгийн гол нь хуучин сургуулийнх нь туурин дээр баригдах барилгын ажлыг одоо болтол эхлүүлээгүй байгаад гайхаж байна. Энд бага ангийн хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байгаа. Багш нар нь ч гэсэн ачаалалтай хэцүү байгаа байх гэж бодож байна. Бүтэн жил гаруй хугацаа өнгөрчихөөд байхад одоо болтол нураагаагүй байгаа нь холбогдох албаныхан нь ажлаа хэр хийж байгаа вэ гэдгийг л харуулж байна. Хамгийн гол нь хэзээ болтол өөр сургуулийн байранд хичээл орох нь тодорхойгүй байгаа юм. уг нь ойрын хоёр жилийн дотор л шинэ сургуультай болчих боломж байгаа л юм. Орон сууцны барилга жилийн дотор л босож байна. Гэтэл ганц сургууль барих гэж хоёр жилийн нүүр үзэж байгаад сэтгэл жаахан дундуур л байна.

Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны иргэн Г.Жаргал: АХЛАХ АНГИЙН ЗАРИМ ХҮҮХДЭД ЖААХАН ХЭЦҮҮ БАЙГАА ГЭСЭН

-Хичээлийн байрны хувьд бо­ломжийн байгаа. Гэтэл зарим ахлах ангийн сурагчдад энэ байдал таалагдахгүй байгаа бололтой байсан. Ма­най том охин өөр сургууль дээр жаахан тийм байна гээд дурамжхан л байна. Ямартай ч шинэ сургуулийн барилгын ажил нь хурдан эхлээсээ л гэж бодож байна. Хүүхдүүдийн хичээл ном хоцрогдох байх гэж олон эцэг эхчүүд үзэж байгаа ч одоогоор тийм зүйл байхгүй байна. Хичээл яг ном журмынхаа дагуу л орж байгаа гэсэн.

Харин дөрөвдүгээр сургуулийн гурван давхрын хэсэгт нэгээс тавдугаар ангийнхан сурч байгаа аж. Одоогоор үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа боловч ачаалал харьцангуй их болсон нь илт байгаа гэнэ. Учир нь өмнө нь хоёр ээлжээр ордог байсан. Гэтэл өдрийн хичээл нь орсон анги орой 18:30 цаг гэж тардаг учраас сонгон болон давтлага хичээл хийх боломжгүй байгаа ажээ. Ингээд гуравдугаар сургуулийн сургалтын менежер З.Цэндсүрэнтэй уулзаж зарим асуултад хариу авлаа.

-Ер нь дөрөвдүгээр сургууль дээр хэчээллэхэд ямар нэгэн хүндрэл гарч байна уу. Энэ жилийн нэгдүгээр ангид хэчнээн хүүхэд элссэн бэ. Хичээлийн байрны хүрэлцээ хэр байна вэ?

-Манай сургууль хичээлийн байр­гүйгээс болж хоёр дахь жилдээ энд байрлан хичээллэж байна. Энэ жилийн хувьд нийт 700 хүүхэд гурван ээлжээр хичээллэж байна. Гурван ээлжээр хичээллэхдээ есөн ангид хувааж байгаа. Хичээлийн орчны хувьд ямар нэгэн хүндрэл байхгүй байна.

-Хуучин сургуулийн тань шинэ барилгын ажил ямархуу явцтай байгаа талаар та бүхэнд ямар нэгэн мэдээлэл байна уу?

-Одоогоор ямар нэгэн мэдээл­лийг бидэнд өгөөгүй байгаа. Төсөв нь шийдэгдээгүй байгаа байх гэж бодож байна. Одоо дөнгөж нурааж эхэлж байгаа. Өн­гөрсөн оны наймдугаар са­рын 31-нд бид хуучин сургуулийнхаа байрыг чөлөөлж өгсөн. Гэтэл одоо болтол сургуулийг нураах, барилга барих ажил эхлээгүй байна. Манай сургуулийн зүгээс албан бичгийг нийслэлийн Захирагчийн ажлын алба болон Боловсрол шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн байгаа.

-Сурагчдын эцэг, эх энэ тал дээр ямар нэгэн санал гомдол гаргаж байна уу?

-Эцэг эхчүүдийн хувьд  сургуу­лийн барилгын ажлыг яаравчлахыг шаар­даж байна. Эцэг эхийн зөв­лөлөөс бидэнтэй хамтран ажиллаж Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хүртэл албан бичиг хүргүүлсэн.

-Сургуулийн сургалтын ор­чин муугаас хичээлийн хоц­рогдол гарч байна уу?

-Одоогоор тийм зүйл байхгүй байна. Хичээл хэвийн орж байгаа. Байрны асуудлаас болж сурагчид хохирч байгаа асуудал байхгүй.

Э.БАЯСГАЛАН   
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж