
“Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, соёлын олон төрөл зүйл-Монголын гар урлалын үйлдвэрлэлийг чадавхижуулах нь” төслийн хаалтыг энэ сарын 27-нд хийх ажээ. Тодруулбал, ЮНЕСКО-Бүгд Найрамдах Солонгос улсын Засгийн газрын хооронд байгуулсан итгэлцлийн сангийн тусламжтайгаар “Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, соёлын олон төрөл зүйл-Монголын гар урлалын үйлдвэрлэлийг чадавхижуулах нь” төсөл Монголд хэрэгжээд хоёр жилийн турш хэрэгжсэн байна. Төслийг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа хэрэгжүүлсэн бөгөөд хаалтын ажиллагааг ээлжит сургалт-семинараар өндөрлүүлэх гэж байна. Дээрх төслийн хүрээнд дэлхийн олон улсын чанарын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхи, чадварыг тус бүсийн гар урчуудад эзэмшүүлэх зорилгоор хоёр удаагийн сургалт-семинарыг хийж байжээ.
Энэ удаад төслийн хаалт болгож “Соёлын өв ба гар урлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх ба сурталчлах нь” сэдэвт эцсийн сургалт-семинар энэ сарын 21-27-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд хийх ажээ. Төслийн хаалт болсон сургалтыг Олон улсын гар урлал шинжээч Жозеф Ло хөтлөн явуулахбөгөөд Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын нутаг дэвсгэрт орших хоёр аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Хотонт, Хашаат сумдаас нийт 22 гар урлаач, нийслэлээс хоёр гар урлаач хамрагдах юм байна.
Монголд хоёр жилийн турш хэрэгжсэн энэхүү төсөл хэрэгжсэнээр гар урлаачдыг нэг хэвийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс татгалзуулах буюу тэднийг өөрсдийн онцлог бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга ухаанд сургах, бүтээлээ оюуны өмчөөр хамгаалуулах, оюуны өмч, зохиогчийн эрхийн талаар мэдлэг олгоход чиглэсэн үндэсний шинж чанартай инновацитай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцлийг бүрдүүлэхэд ахиц гарсан хэмээн төслийн багийнхан онцоллоо.