Хаягдлаар бизнес эрхлэгчид үзэсгэлэн гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Хаягдлаар бизнес эрхлэгчид үзэсгэлэн гаргалаа

Хаягдлаар бизнес эрхлэгчдийн холбооныхон өнөөдөр Мэдээлэл технологийн үндэсний паркт үзэсгэлэн гаргаад байна. Тус үзэсгэлэнд хаягдал хайлш, хөнгөн цагаан, зэс, гууль, ашиглалтгүй болсон аккумлятор, архи, ундаа, пивоны лааз, мөн хаягдал цаас дэлгэн тавьжээ. Холбооныхны зүгээс энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа нь таван жилийн өмнө УИХ-аар баталсан 46 дугаар тогтоолыг одоогийн парламент эргэн харж, хаягдал хайлш урагш нь гаргахыг бүрмөсөн хориглосон шийдвэрээ цуцлахыг хүсч буй юм. Учир нь дээрх тогтоол батлагдсанаас хойшхи хугацаанд зөвхөн хаягдал хайлшны үнэ тухайн үеийнхээсээ доош навс унаж, үнэгүйджээ. Тодруулбал, 46 дугаар тогтоол батлагдахын өмнө нэг кг нь 1300 төгрөгийн үнэтэй байсан хаягдал хайлш одоо 300 төгрөг рүү орж, буусан аж. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын хэмжээнд хаягдал хайлшийг боловсруулах үйлдвэр гэх юмгүй, тогоо хийдэг ганц нэгхэн газар байдаг. Тэрхүү газрыг хаягдал хүлээн авдаг ганц л цэг хангана. Гэтэл нийслэлийн хэмжээнд энэ төрлийн хаягдал хүлээн авдаг 300, орон нутагт мөн 300 орчим цэг байдаг. Ингэхдээ дээрх цэгүүдэд зөвхөн нэг сарын хугацаанд 200-300 тонн хаягдал хайлш нийлүүлэгддэг гэнэ.  Гэвч энэхүү металлыг урагш гаргах боломжгүйгээс хятадууд үнийг буулган авч, өөрсдөө хайлуулах нэрийн дор агаар бохирдуулдаг байна. Мөн нийслэлийн Захирагчийн ажлын албанаас хаягдал хүлээн авдаг цэгүүдийг хотоос гадагш нүүлгэх шийдвэрийг гаргаад буй нь энэ талын бодлогоо эргэн харж, хэчнээн хүн үүгээр амьдралаа залгуулж, нийслэлийн гудамжинд хог болон хөлөөр хөглөрдөг хаягдлыг хэрхэн хямгадаж, бас хэчнээн хүн амьдралаа залгуулж, амьдарч байна вэ гэдгийг энэхүү үзэсгэлэнгээр дамжуулж, төр засгийн удирдлагуудад харуулахыг зорьжээ. Үзэсгэлэнг зөвхөн өнөөдрөөр л  дуусгах юм байна.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж