&#34Tөслүүдэд зээл олгох шийдвэрээ гаргаад эхэлсэн&#34

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

&#34Tөслүүдэд зээл олгох шийдвэрээ гаргаад эхэлсэн&#34

Л.Оюун-Эрдэнэ: Эхний ээлжийн төслүүдэд зээл олгох шийдвэрээ хоёр долоо хоногийн өмнөөс гаргаад эхэлсэн

“Чингис” бондын хөрөнгөөс хөдөө аж ахуйн таван салбарыг санхүүжүүлэх гэрээ байгуулаад буй “Голомт” банкны Дэд захирал бөгөөд Байгууллагын банкны газрын захирал Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр дөрвөн салбарын таван аж ахуйн нэгжид зээл олгохоор шийдвэрлэсэн таатай мэдээлэлтэй угтсан юм.

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас “Голомт” банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр хэзээ гарав? Яагаад “Голомт” банкийг сонгосон юм бол?

-“Чингис” бондын хөрөнгөөс хөдөө аж ахуйн салбарт “Голомт” банкаар дамжуулж хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр өнгөрсөн сарын эхээр гарсан. Энэхүү төслийг хэрэгжүүлэгч нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам. Анхандаа Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүлье гэж төлөвлөж байсан бололтой. Гэвч Хөгжлийн банк нь улсын болоод Засгийн газрын хэмжээний, дэд бүтэц зэрэг томоохон хэмжээний хөтөлбөрүүдийг судалж, хөрөнгө оруулдаг байгууллага. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн том, жижиг аж ахуйн нэгжүүдийг судалж, зээл олгох нь Хөгжлийн банкны тусгайлан мэргэшиж ажиллах чиглэл нь биш, зохион байгуулалт нь ч ийм төрлийн зээл олгох зорилгод нийцэхгүй тул хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох нь зүйтэй гэж үзээд арилжааны банкуудаас санал авсан юм билээ. Тэдгээрээс манай банкны тавьсан санал илүү тохиромжтой, таатай нөхцөлтэй байсан учраас “Голомт” банкийг сонгосон болов уу.

-Хөдөө аж ахуйн салбарыг санхүүжүүлэх ажлын явц одоогоор ямар шатанд үргэлжилж байна вэ?

-“Голомт” банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарсны дараа бид Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон Хөгжлийн банктай холбогдох гэрээнүүдийг байгуулснаар энэхүү зээлийг судлах, олгох үйл ажиллагаагаа эхэлсэн. Өөрөөр хэлбэл, зээлийн судалгааг эхлээд дөнгөж нэг сарын хугацаа өнгөрч байна гэсэн үг. Энэ хугацаанд бид Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх таван салбарыг хариуцсан Төслийн нэгжүүдээс санхүүжилт горилсон нийт 148 бизнес төслийн баримт бичиг хүлээж авлаа. Тэдгээр төслийг зээлийн судалгааны нэгжүүд болон эдийн засагчдадаа хуваарилаад, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй холбоо барин, зээл авахын тулд ямар материал бүрдүүлэх шаардлагатай тухай мэдээлэл өгсөн. Өдгөө дээрх 148 төслөөс 32 аж ахуйн нэгж материалаа бүрдүүлээд, зээлээ судлуулж байна.

-Материалаа одоо бүрдүүлж буй бусад аж ахуйн нэгжүүд юуг анхаарах хэрэгтэй гэж Та үзэж байна вэ?

-Бусад аж ахуйн нэгжийн хувьд, тухайлбал оёдлын салбарынхан одоогоор сурагчийн  дүрэмт хувцас оёж, сүүлийн үед маш ачаалалтай ажиллаж буй юм билээ. Тэгэхээр хүн хүчний хүрэлцээгүй байдлаас хамаарч шаардлагатай материалыг бүрдүүлэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардагдах бололтой. Харин зарим аж ахуйн нэгжийн хувьд тоног төхөөрөмжийн сонголтоо эцэслэн шийдвэрлээгүй, үнийн судалгаа хийж буй байдал ажиглагдаж байна. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд үнээний эрчимжсэн аж ахуй байгуулах хэд хэдэн төсөл бий. Тэдний хувьд ямар үүлдрийн үнээ хаанаас худалдан авбал зохимжтой тухай яамтай хэлэлцэж буй бол хүлэмжийн аж ахуйн чиглэлээр Голландын мэргэжилтнүүд манай улсад ирээд ажиллаж байна. Тэдний тусламжтайгаар аж ахуйн нэгжүүд хүлэмжээ сонгох юм. Иймэрхүү шалтгаануудаас хамаарч, зарим төслийн бичиг баримт дутуу, хүлээгдэж байна.

Уг нь Засгийн газрын тогтоол өнгөрсөн хавар гарсан шүү дээ. Хөдөө аж ахуйн зарим салбарын хувьд зуны турш төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлсэн бол илүү зохимжтой байсан болов уу. Өнөөдөр есдүгээр сар дундаа орж, өвөл хаяанд ирээд байхад зарим аж ахуйн нэгж материалаа бүрдүүлж дуусаагүй, түүгээр үл барам сонголт хийхээр бас дахин хугацаа алдаж буй нь харамсалтай.

-Бондоос санхүүжигдэж буй хөнгөлөлттэй зээлийг бизнес эрхлэгчдийн гарт хэдэн хувийн хүүтэй, хэр хугацаатай олгож байгаа вэ?

-Уг зээлийг дөрөв хүртэл жилийн хугацаатай олгож буй. “Чингис” бондын хугацаатай уялдуулан, 2017 оны арванхоёрдугаар сар гэхэд бүх зээл эргэн төлөгдсөн байх ёстой хэмээн тооцож, хугацааг ийнхүү тодорхойлсон. Хүүгийн хувийн тухайд төгрөгөөр олгогдож буй энэ зээл найман хувийн хүүтэйгээр аж ахуйн нэгжүүдэд хүрч байгаа.

-Ямар туршлагатай баг, хамт олон эдгээр төслийн зээлийн судалгааг хийж байгаа вэ?

-“Голомт” банк хөгжлийн түүхэндээ анхнаасаа бизнесийн байгууллагын үл ажиллагаанд илүүтэй төвлөрсөн байдаг юм. Тиймээс өнгөрсөн хугацаанд энэ салбарт бидний хуримтлуулсан мэдлэг, туршлага нэлээд арвин. Түүний зэрэгцээ “Голомт” банк олон улсын хэмжээнд болон Монголын Засгийн газраас хэрэгжүүлсэн маш олон төрлийн төсөл, хөтөлбөрт оролцож байсан удаатай.

Өнөөдөр хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийг манай банк хоёр шатаар дамжуулан судалж буй. Харилцааны менежерүүд тухайн аж ахуйн нэгжийн материал бүрдүүлэлтийг хянаж, дараа нь зээлийн мэргэжилтнүүд буюу манай мэргэшсэн шинжээчид нарийвчилсан судалгаа хийнэ. Мөн ҮХААЯ-ны дэргэд өнгөрсөн тавдугаар сард байгуулагдсан Төслийн таван нэгж бий. Тэд байгуулагдсанаасаа хойш салбар тус бүрт зах зээлийн урьдчилсан судалгаа хийн, одоо байгаа хүчин чадал хийгээд хэтийн төлөвийг судалж, аль салбарт хөрөнгө оруулалт илүү шаардлагатай байна вэ, технологийн шинэчлэлийг хаана хийвэл илүү зохимжтой, үр дүнтэй байх вэ гэдгийг тооцоолсон юм билээ. Тэдгээр нэгжийн ажилтнуудтай бид нягт уялдаа холбоотой ажиллаж, тэрхүү мэдээллийг Төслийн нэгжүүд бидэнтэй хуваалцан, хамтран ажиллаж байгаа.

-Эхний зээлийн санхүүжилт хэзээ үйлдвэрлэгчдийн гарт очих вэ?

-Шаардлагатай материалыг бүрдүүлсэн эхний ээлжийн төслүүдийг бид хоёр долоо хоногийн өмнөөс  судлаад, зээл олгох шийдвэрээ гаргаж эхэлсэн. Одоогийн байдлаар дөрвөн салбарын таван төсөлд зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргаад байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээ байгуулаад санхүүжилт олгоход бэлэн болсон гэсэн үг.

-Аливаа зээлд хамрагдахыг хүссэн аж ахуйн нэгжүүд барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байх асуудал бишгүй тохиолддог. Энэхүү хөнгөлөлттэй зээлийг авахад ийм асуудалтай тулгарсан аж ахуйн нэгжүүдэд Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргуулах боломж бий юү? “Голомт” банк тус сантай гэрээтэй шүү дээ.

-Тийм ээ. Манай банк Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тухайн аж ахуйн нэгж нь зээл авах бүрэн бололцоотой, санхүүгийн чадавхтай, үйл ажиллагааны тодорхой туршлагатай, хуримтлал бий болгосон атлаа банкинд барьцаалах хөрөнгө нь шаардлага хангахгүй, хүрэлцэхгүй байх тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргуулах бүрэн боломж бий.

-Хүссэн зээлийнх нь хэд хүртэл хувьд батлан даалт гаргах боломжтой гэсэн үг вэ?

-Ер нь Зээлийн батлан даалтын сангийн баталгаа гаргах хамгийн дээд хэмжээ нь 250 сая төгрөг. Тэгэхээр энэ нь жижиг, дунд хэмжээний аж ахуйн нэгжүүдэд илүү хэрэг болох байх гэж бодож байна.

-Тухайн төсөл нь үр ашигтай атлаа хэрэгжүүлэх аж ахуйн нэгж нь банкны шаардлагад нийцэхгүй, буцсан тохиолдол одоогоор гарсан болов уу?

-Зарим аж ахуйн нэгж банкны шаардлагад нийцэхгүй байх тохиолдол мэдээж гарах л байх. Одоогоор тийм асуудал гараагүй байна. Гэхдээ арилжааны банкаар эрсдлийг нь 100 хувь даалгаад, Засгийн газар ийм хөтөлбөр хэрэгжүүлж буйн цаад учир нь манай хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг эдгээр төсөл хөтөлбөрийг ашиглаад өөрсдөдөө болоод улс орондоо ашигтай, бодитой төсөл хэрэгжүүлж, бүтээмжээ сайжруулаасай гэснийх болов уу. Тэгэхээр тухайн аж ахуйн нэгж банкны шалгуурт нийцэхүйц хэмжээнд байж, төсөл хөтөлбөртөө оролцоод хөгжиж, дэвшвэл Засгийн газрын зорилго биелнэ шүү дээ.

Эх сурвалж: www.MongolNews.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж