МАН маргааш болтол завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

МАН маргааш болтол завсарлага авлаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Үүний дараа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсон ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд "Эрдэс баялагийн салбарын хуульд ямар бодлого баримтлах нь тодорхойгүй байхад тус тусад нь салгаж, хууль батлах нь буруу гэж бодож байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль болон алт олборлохтой холбоотой дараагийн хуулиудыг хэлэлцэхийн өмнө мэргэжлийн байгууллагаас нь мэдээлэл сонсох шаардлагатай байна. Тиймээс манай намын бүлэг маргааш болтол чуулганы хуралдааныг хойшлуулах саналтай байна" гэснийг УИХ-ын дарга хүлээж авлаа. Ингэснээр чуулганы үдээс хойшхи хуралдаан өндөрлөв.

Маргааш өглөөгүүр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Уул уурхайн яамныхнаас мэдээлэл сонсох тул чуулганы хуралдааныг 14.00 цагт эхлүүлэхээр боллоо.

УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд өнөөдөр үдээс хойш хуралдаан зарлаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн нэр бүхий таван хуулийн төслүүдээс Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг судлах шаардлага байна гэж үзэн, завсарлага авахаар шийдсэнээ ийн хэрэгжүүлэв.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж