ТОП-20 компанийн засаглалыг үнэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

ТОП-20 компанийн засаглалыг үнэлнэ

“Хувийн хэвшлийнхэн засаглалаа өөрсдөө үнэлэх нь” дугуй ширээний ярилцлагыг компанийн засаглалын асуудлаар мэргэшсэн олон улсын байгууллагын төлөөлөгчид, болон мэргэжилтнүүд өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд зохион байгууллаа.

Дугуй ширээний ярилцлагыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /ОУХА/-ийн “БДС” төслийн дэд дарга С.Үүрцайх ахалж, АНУ-ын ОУХА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Франк Донован, Компанийн засаглалын хөгжлийн төвийн Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, Олон улсын санхүүгийн корпорацийн Компанийн засаглалыг бэхжүүлэх төслийг хариуцсан мэргэжилтэн Анар Алиев, “Хаан” банкны засаглал хариуцсан Нарийн бичгийн дарга М.Чанцалмаа нар оролцлоо.

Монголын эдийн засаг эмзэг байгаа энэ үед компанийн засаглал нь хөрөнгө оруулагчдыг татах болон зах зээлд итгэлцлийн уур амьсгал бий болгоход чухал. Монголд засаглалын тухай хоосон ярьсаар сүүлийн хэдэн жилийг өнгөрүүлсэн тул засаглалын цэгцтэй дүрэм журамд шилжих хэрэгтэй болоод буйг эдийн засагчид онцолж байна. Тиймээс дугуй ширээний уулзалт зохион байгуулсан албаныхан хамтран Монголын компаниудын засаглалын төвшинг тогтоохоор засаглалын шинжилгээ, үнэлгээний хэрэгслийг боловсруулжээ. Компаниудын төвшин тогтоох энэхүү албан ёсны үнэлгээг эхний ээлжинд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй ТОП-20 хувьцаат компанид хийж буй бөгөөд хоёр сарын дараа дүн гарах юм байна. Үүгээр улсдаа толгой цохьдог топ компаниуд бодит байдал дээр хэрхэн ашигтай ажиллаж байна, хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалж, сайн засаглалыг хэрэгжүүлж байгаа эсэх, санхүүгийн тайлангаа нийтэд нээлттэй болгох замаар авлигаас хол хөндий байж чадаж байна уу гэдгийг олон улсын стандартаар тодорхойлох тухай өнөөдрийн уулзалт дээр онцолж байлаа. Тэд цаашдаа үйл ажиллагаа явуулах эрхтэй бүхий л компаниудад засаглалын шинжилгээ, үнэлгээг хийхийг зорих юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж