НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара Өмнөговь аймагт ажлын айлчлал хийлээ. Уулзалтын бүрэлдэхүүнд НҮБ-ын Залуучууд, хөдөлгөөнт болон эрсдэлт бүлгийн хүн амыг БЗХӨ, ХДХВ-ээс сэргийлэх төслийн менежер, туслах ажилтан, мөн ХАХНХЯ-ны Хүн амын хөгжил, бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газрын Залуучууд хөгжлийн хэлтсийн дарга Б.Мишээл нар оролцсон юм. Харин орон нутгийн зүгээс аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, Боловсролын газрын дарга Д.Баасанхүү, ХГБХХ-ийн дарга Б.Эрдэнэцэцэг, ЭМГ-ын дарга Ч.Баяржаргал болон бусад холбогдох мэргэжилтэнүүд оролцож уулзалт ярилцлага зохион байгууллаа.
Өмнөговь аймгийн хувьд сүүлийн жилүүдэд хүн ам өсөн нэмэгдэж, ялангуяа уул уурхайг дагасан шилжилт хөдөлгөөнөөс улбаалан залуучууд, хөдөлгөөнт болон эрсдэлт бүлгийн хүн амыг БЗХӨ/ ХДХВ-ээс сэргийлэх нь чухал арга хэмжээнүүдийн нэг болоод байгаа. Тиймээс ч энэ төсөл энэ чиглэлд зориулагдан ажиллаж байгаа гэдгийг суурин төлөөлөгч онцолсон. Мөн орон нутгийн хэмжээнд ч энэ чиглэлээр, орон нутгийн ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр олон төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа бөгөөд НҮБ-ын Хүн амын сан болон ХАХНХЯ-тай байнга хамтран ажиллах болно гэдгээ Өмнөговь аймгийн төлөөлөгчид хэлсэн юм.
Айлчлалын бүрэлдэхүүн Өмнөговь аймагт ажиллах үеэрээ аймгийн БОЭТ-ийн төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцаж НҮБ-ын ХАС-аас Телемедицин төслийн тоног төхөөрөмж гардуулан өгсөн юм. “Эх нярайн эндэгдлийг бууруулах нь НҮБ-ын Хүн амын сангийн гол зорилтын нэг. Өмнөговь аймаг ч сүүлийн жилүүдэд эхийн эндэгдлийг бууруулах тал дээр ахиц дэвшил гарсанд талархалтай байна. Энэхүү тоног төхөөрөмжийг Өмнөговь аймагт ашиглаж эхэлсэнээр дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар жирэмснээс төрөх үеийн бүх шинжилгээ хийгдэх болно” гэдгийг суурин төлөөлөгч Наоми Китахара онцолсон юм.
Албаныхан мөн энэ үеэр тус аймгийн хамгийн их хүн суурьшсан сумд болох Цогтцэций, Хандбогд сумдад ажиллаж сумдын удирдлага, холбогдох хүмүүс, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон “Энержи ресурс” ХХК, “Оюу толгой” уурхайд ажиллаж эрүүл мэндийн холбогдох хүмүүстэй уулзах юм.