
НҮБ-ын шинжээчдийн бүлгийн удирдагч Майкл Кирби өнгөрсөн мягмар гаригт Женев хотноо болж байгаа Хүний эрхийн зөвлөлийн хуралдаан дээр Хойд Солонгосын улс төрийн хоригдлуудын лагерийн байдлыг танилцуулсан урьдчилсан тайлангийн илтгэлийг танилцууллаа. “Гэрч нарын мэдэгдлээр хүний эрх тэнд маш өргөн хэмжээнд зөрчигдөж байна” гэсэн Кирбийн хэлснийг AFP дамжуулав. Шинэ төрсөн хүүхдүүдийг усанд живүүлэх, өлсгөлөн, хүчин зэргийн “Хэлэхийн аргагүй харигслал” тэнд явагдаж байгааг илтгэлд тэмдэглэжээ. Баримтыг хиймэл дагуулын зураг, Хойд Солонгосоос зугтан гарч одоо Өмнөд Солонгос ба Японд амьдарч байгаа гэрч нарын ярианд тулгуурлан өгүүлжээ.
Хүний эрхийн Human Rights Watch байгууллагын Германы салбарын тэргүүн Венцель Михальски (Wenzel Michalski) HR Info радиод ярилцлага өгөхдөө Хойд Солонгосын байдал Сири, Сомалиас ч муу гэлээ. Хойд Солонгосыг тэр чигт нь улс төрийн хоригдлуудын орон гэж тооцож болохыг Михальски онцоллоо. Тэрээр Хойд Солонгосын эрх баригчдыг Гаагын олон улсын шүүхэд өгнө гэлээ. Майкл Кирбийн удирдсан НҮБ-ын шинжээчид 2013 оны гуравдугаар сараас БНАСАУ-д хүний эрх зөрчигдөж байгааг судлан шалгаж байна. Мэргэжилтнүүдийн тайлан илтгэл бүрэн хэмжээгээр ирэх жилд бэлэн болох юм.