Хэд хэдэн аюултай заалт байна

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

Хэд хэдэн аюултай заалт байна

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж байгаа. Энэ хуулийн төслийг шүүмжлэх гишүүд олон байгаа бөгөөд төлөөлөл болгож гишүүн Ц.Нямдоржийн байр суурийг авлаа.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлээч?

-1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг батласнаас хойш 20 жил болж байна. Хуучин мөрдөж байсан хуулийн 19-р зүйлд хөрөнгө оруулалтын гэрээний тухай заалт бий. Хөрөнгө оруулалтын хэмжээ 20 сая ам.доллараас дээш бол тогтвортой байдлын гэрээ хийнэ гэсэн агуулгатай. Одоо оруулж ирж буй хуулийн төсөл нь 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн бол гадаад, дотоод гэж ялгахгүй, дөрвөн төрлийн татварт тогтвортой байдлыг бий болгоно гэх зохицуулалттай. Хуучин гадныхныг жаахан илүү үздэг байсан бол одоо тэгш үзнэ гэж байна. Ерөнхийдөө том хөрөнгөтнүүдтэй тогтвортой байдлын гэрээ байгуулах хууль болж хувирч байна. Энэ хуулийн төсөлд хэд хэдэн аюултай заалт байна. Жишээ нь, 15 тэрбумаас дээш хөрөнгө оруулалт хийсэн аж ахуй нэгж татвараа төлчих юм бол хөрөнгөө гадагш нь гаргачихаж болно гэж байна. Дотоодын хөрөнгө оруулагчдыг гадагш гаргах заалт. Иймэрхүү зүйл нь ямар үр дүнд хүргэхийг мэдэхгүй л байна. Хууль санаачлагчдад ямар ч тооцоо судалгаа алга. Н.Батбаяр сайдаас “15-аас дээш тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн дотоодын хэчнээн хөрөнгө оруулагчид байгаа юм. Ийм хөрөнгө оруулсан гадаадын хэчнээн аж ахуй нэгж байна вэ” гэхэд хэлж мэдэхгүй байна. Үүний цаана татварын орлогын асуудал гэж бий.  Хуучин хуулиар 14 хоногийн дотор бүртгэдэг байсныг одоо 30 хоногт бүртгэнэ гээд хугацааг нь сунжруулчихсан зүйл ч байна. Бүхэлд нь харвал эдийн засгийн нөхцөл байдлаг хууль гаргаж хэл ам дарах гэсэн шинжтэй, дутуу дундуур хууль байна гэж дүгнэхэд буруудахгүй.

-Энэ хууль батлагдсан тохиолдолд хөрөнгө оруулалтын ямар орчин бүрдэж болох вэ?

-Яах вэ, байнгын хороон дээр сайн ярих байлгүй. Том аж ахуй нэгжүүдийг гадаад дотоод гэж ялгалгүй тогтвортой байдлын гэрчилгээг нь олгоод явчдаг юм гэхэд жижгүүдийг яах вэ гэдэг нь харагдахгүй нь. Хуулийн төслийн санааг ингээд харахаар жижгүүд хамаагүй, томчуудад татварын таатай орчин бүрдүүлье л гэсэн утгатай юм биш үү.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж