Х.Баттулга гурил үйлдвэрлэгчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

Х.Баттулга гурил үйлдвэрлэгчидтэй уулзлаа

ҮХАА-н сайд Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж, тариаланчидтай уулзсан бол өнөөдөр гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзан, ирэх жил гурилын хүрэлцээ үнэ ханш, улаан буудайн нийлүүлэлтийн талаар нээлттэй ярилцлаа.

Тариаланчид тарьсан ургацаа өндөр үнээр нийлүүлэх хүсэлтэй байгаа бол гурил үйлдвэрлэгчид аль болох хямд үнээр улаан буудай худалдан авсан тохиолдолд л гурил хямд байх боломжтой гэдгийг энэ үеэр хэлж байлаа.

Өнгөрсөн жил нэгдүгээр гурилын бөөний үнийг 550 төгрөгт барьсан, үүний тулд Монголбанктай хамтран гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлж, гурил үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл, тариаланчдад нийлүүлсэн буудайн тонн тутамд нь урамшуулал олгосон. 2012 онд тариаланчид буудайгаа тонн-ыг нь 280 мянгаар худалдаж, тушаасан тонн буудай тутамдаа 100 мянган төгрөгийн урамшуулал авч байсан юм. 

Хэрэв энэ жил тариаланчдын хүсч байгаа шиг буудайн үнэ эрс өсвөл дагаад гурилын үнэ өснө, нөгөө талаараа ОХУ гэх мэт гадаадаас буудай гурил, аль аль нь орж ирж, дотоодын зах зээлийг эзэлвэл тариаланчдад ч, гурил үйлдвэрлэгчдэд ч эрсдэлтэй гэдгийг уулзалтад оролцогчид хэлж байлаа. Ийнхүү тариаланчид болон гурил үйлдвэрлэгчдийн саналыг сонссон болохоор тун удахгүй буудайн үнийг тогтоох ажээ.

Т.ДАРХАН



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж