Ургац хураалтад шатахуун хангалттай гэв

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

Ургац хураалтад шатахуун хангалттай гэв

Ургац хураалт эрчимтэй өрнөж байгаа тухай мэдээллийг сүүлийн үед салбарынхан өгч байгаа ч тариалангийн бүс нутгаар ургац хураах машинд шаардлагатай шатахуун хомсдож, олдохгүй байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ дагуу Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас тодруулахад, “Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд саяхан тариалангийн бүс нутгаар явж ургац хураалтын үйл явцтай танилцаж, тариаланчдыг сонсоход, шатахуун хомсдож хүнд байдалд орсон гэж тайлагнаагүй. Одоогийн байдлаар тариалангийн бүс нутагт шатахуун хомсдоогүй” гэж хариуллаа.  Ургац хураалтыг хүндрэлгүй, эрчимтэй үргэлжлүүлэхийн тулд тариалангийн бүс нутагт орших ШТС-уудад шатахууныг яаралтай  нийлүүлэх чиглэлд анхааран ажиллаж буй ажээ.

Ургац хураалтыг 10 дугаар сарын дунд үед дуусгах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хүнсний ногоо, үр тарианы хураалт 40 орчим хувьтай болсон байна. Өнгөрөгч долоон хоногт цаг агаар тогтвортой, тааламжтай байсан тул ургац хураалт 20 орчим хувиас 40 хувь болтлоо нэмэгдэж чадсан тухай албаныхан онцоллоо.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж