Тэдний тайлбарласнаар “Нийслэлээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхээр дээрх өдрүүдэд гурван чиглэлд, 100 хувийн хүчин чадлаараа 50 тролейбус үнэгүй үйлчилсэн. Бидний тооцоолсноор нийтдээ 73 сая төгрөгийн зардал гарсан. Энэ зардлаа нийслэлээс авахаар болсон ч одоогоор хүлээж аваагүй байна. Гэтэл биднийг үнэгүй тролейбусаар үйлчлэх нэрийдлээр мөнгө угаасан гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон бусад байдлаар гүтгэж байгаад эгдүүцэж байна” гэсэн юм.
Харин Нийслэлийн нийтийн тээврийн газрын албан ёсны цахим хуудсанд байршуулсан мэдээллээр бол “Цахилгаан тээвэр компани өдөрт 2.8 саяаас 3 сая, дунджаар 3.4 сая төгрөгийн орлого олдог гэжээ.Гэтэл үнэгүй үйлчилсэн хугацаагаа тооцохдоо өдөрт долоон сая төгрөгөөр тооцсон байх юм. Үүнд тус компанийн Дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга Н.Янжмаа “Өмнө нь 36 тролейбус үйлчилдэг байсан бол дээрх хугацаанд 50 тролейбус гаргасан учраас зардал нэмэгдсэн” гэж хариуллаа. Харин өөр эх сурвалжийн мэдээллээр 41 тролейбус үйлчилгээнд гарсан гэх аж.
Мэдээлэл хийсэн тус компанийн төлөөлөл өөрсдийгөө хамгаалсан мэдэгдэл хийж, хэвлэл мэдээллийнхэн гүтгэлэг явуулж байна гэж ээлж дараагаар тайлбарлан, “Зөвхөн үнэгүй үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотой асуудалд хариулт өгнө” гэснээр тус компанитай холбоотой эргэлзээтэй асуултуудад тодорхой хариулт олдсонгүй.
“Цахилгаан тээвэр” компанийн захирал Д.Жаргалсайхан өөрийн төрсөн охин Ж.Содбилэгтээ “Эрдү” гэх хувийн компани байгуулсан, дэд захирал Я.Лхагвасүрэнгээрээ “Аз сервис” гэх компани удирдуулж, төсвөөс татаас авдаг гэх асуудал, монгол инженерүүдийн ур ухаанаар тролейбус үйлдвэрлэж байна гэх сайхан рекламны цаана мөнгө угаалаа гэх хардлага байдаг зэрэг тус компанийг тойрсон ноцтой асуудлууд хэвлэл, мэдээллээр удаа дараа гарч байсан. Энэ бүхнийг тэд гүтгэлэг гэж няцаадаг ч үнэн бодит байдлыг мэргэжлийн байгууллага л шалгаж тогтооно.
Нийслэлийн Аудитын газраас тус компанийн сүүлийн хоёр жилийн үйл ажиллагаанд шалгалт хийж, өнгөрөгч гуравдугаар сард гаргасан ерөнхий дүгнэлтдээ “Цахилгаан тээвэр” компанийн дүрэм, статус, чиг үүргийг шинэчилж, цахилгаан тээврийн хэрэгслийн угсралт үйлдвэрлэл, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг тусгаарлах, үндсэн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн хүрэх үр дүн, түүний гүйцэтгэлийг бодитой тооцож ажиллах шаардлагатай” гэжээ.
Мөн энэ дүгнэлтэд нэг ноцтой асуудал байгаа нь “Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн үү” гэх асуудалд “Тус компанийн захирал Д.Жаргалсайхан нь эрхээ хэтрүүлж дэд захирал Я.Лхагвасүрэнгийн үүсгэн байгуулсан “Аз сервис” ХХК-д Т-4 чиглэлийг, өөрийн төрсөн охин Ж.Содбилэгийн үүсгэн байгуулсан "Эрдү" ХХК-д М:26 чиглэлийг гэрээ байгуулан давуу байдал олгосон нь 1999 онд батлагдсан Компанийн тухай хуулийн 81.216, 2011 онд батлагдсан Компанийн тухай хуулийн 84.4.617, НӨХГ-тай байгуулсан контрактийн 4.518 заалтыг тус тус зөрчсөн байна. Төрийн өмчийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүйгээр, бусдад дур мэдэн ашиглуулснаар тус компанид орох ёстой байсан 1497.5 сая төгрөгийн орлого олох боломжийг алджээ” гэж дүгнэснээс хэвлэлээр гарч байсан мэдээллүүд батлагдаж байх шиг.
“Цахилгаан тээвэр”-ийнхэн ярихдаа “Монголд анх удаа тролейбус үйлдвэрлэж, бор зүрхээрээ ажиллаж буй бидний ажлыг үгүйсгэлээ” гэсэн тайлбар хэлдэг. Харин Аудитын газраас хийсэн дүгнэлтээр “Цаашид шинээр монбус, дуобус угсарч үйлдвэрлэхээс илүүтэй, өөрийн үндсэн чиг үүрэг болох нийтийн цахилгаан тээврийн хэрэгслийн кабель шугам, дэд станц, контактийн сүлжээний өргөтгөл шинэчлэлтийн асуудалд түлхүү анхаарах шаардлагатай” гэжээ. Гэтэл энэ жил нийслэлийн захиалгаар дахин 10 монбус үйлдвэрлэхээр болж, төсөв хөрөнгийг нь шийдүүлээд байгаа. Нийслэлийн Аудитын газраас нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд Цахилгаан тээвэр компанид давуу байдал олгож төрийн өмчийг эзэмшиж, захиран зарцуулах журам-ыг зөрчин Өрсөлдөөний тухай хуулийн 13,2,6 заалтаар хориглосон шийдвэр гаргасан тул холбогдох захирамжуудаа хүчингүй болгохыг НИТХ-д тавьж шийдвэрлүүлэх талаар зөвлөмж хүргүүлээд байгаа аж. Тэгэхээр хотын дарга Э.Бат-Үүл тролейбус үйлдвэрлэл гэхээр хоёр гараа өргөж дэмждэг байдлаа эргэж харах хэрэгтэй болох нь.
Мөн Д.Жаргалсайхан захиралтай ямар нэг сэжмээр холбогддог “Аз сервис”, “Эрдү” компаниудад хийсэн Аудитын шалгалтын дүн тун хангалтгүй гарсныг энд дурдая.