Хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан ширүүхэн эхэллээ.

МАН-ын бүлгийг төлөөлөн гишүүн Н.Энхболд гомдоллож, “Урт нэртэй хууль хэлэлцсэн ажлын хэсгийн хуралдаан, байнгын хорооны хуралдаанд биднийг оролцуулалгүй шийдчихлээ. Бид дэмжих эсэхээ хэлээгүй байхад өнөөдрийн чуулганы хэлэлцэх асуудалд Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын төсөл байх ёсгүй. Үүнийг хэлэлцэх асуудлаас хасах ёстой” гэв.  Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар үүнд хариу тайлбар хийж, МАН-аас хоёр гишүүн хуралд оролцсон болохыг нь хэлээд, ажлын цаг дуусах үед хуралдсан байнгын хорооны хуралдаанаа хуулийн дагуу явуулсан болохыг тайлбарлав. Ингээд МАН-ынхан намаас нь хэн хуралд очоод суучихав гэж эрэн сурвалжилсны эцэст Ц.Дашдорж гишүүн нь оролцсон гэдгийг олж сонсов. Тэгсэн ч тэд хэсэг шуугиж, Н.Энхболд даргадаа “Олонхиор түрий барьж асуудал шийдэж байна,завсарлага аваач” хэмээн шордоно лээ. 

Гэвч МАН хурлаас завсарлага авсангүй. Гэхдээ МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудалд өгөх бүлгийн дүгнэлтээ хэлнэ хэмээн цаг авангуутаа, боломжийг ашиглан улс төрийн мэдэгдэл хийж орхив.

Тэрээр “Шинэчлэлийн гэх засгийн газар байгуулагдсанаас хойш нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаа бол эрх баригчдад үнэлгээ өгөх хангалттай хугацаа. Гэтэл үнэлэлт таагүй олон үр дүн дагууллаа. Төсвийн орлого 1,5 их наяд төгрөгөөр тасарлаа. Зөвшилцлийг үгүйсгэсний үр дүн ийнхүү гарч байна. Төрийн алба төрлийн алба болж, төсвийн зарлагыг нэмэгдүүлсний гор гарч байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Гэтэл эрх баригчид бодит байдлыг нуун дарагдуулж байгаа нь хэтдээ засч залруулахад бүр бэрхтэй болгоно. Чингис бондын ашиглалт зэрэгт эргэлзээтэй асуудал байгаа тухай, үүнтэй холбоотой Монголбанкыг шалгах хүсэлтийг МАН-ын бүлгээс тавьж буй ч өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрсөнгүй.Өмнө засагт бүх бурууг тохож байна. УИХ-ын дарга мэдэгдэлдээ өмнөх парламентийг тооцоо судалгаа муутайгаас эдийн засгийн хүндрэл үүсгэсэн гэж дүгнэж байна. Ямартаа ч хүндрэл үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч. Энэ бүх хүндрэлтэй байдлыг бий болгосон Монголбанкинд хариуцлага тооцохыг шаардаж байна” гэхчлэн МАН-ын бүлгээс гаргасан мэдэгдлийг танилцуулсан юм. 

Ийнхүү дүгнэлтийн цагаар хэлсэн мэдэгдлийнх нь дараагаар УИХ сая хэлэлцэх асуудалдаа оров. Чуулганы хуралдаанаар таван асуудал хэлэлцэхээр төлөвлөгдсөнөөс хамгийн эхнийх нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл байлаа.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хуулийн төслийн агуулгаа танилцуулав. Тэрээр “Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашиг дээр нь тулгуурлан тодорхой хугацаанд татварыг нь тогтворжуулах тогтолцоог тусгасан. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчин дээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд зарим татварын хувь хэмжээг тогтвортой байлгахаар хуулийн төсөлд тусгасан” гэхчлэн төслөө танилцуулсны дараагаар гишүүд ээлжлэн асуулт тавьлаа.

Гишүүн Ж.Батзандан “Тогтвортой байдлын гэрээ, тогтворжуулалтын гэрээ гэх хоёр ойролцоо ойлголт байна. Үүний ялгааг гаргаад өгөөч” гэж асуусан бөгөөд уул уурхай дээр тулгуурласан эдийн засагтай болно гэсэн санааг энэхүү хуулийн төсөл агуулж байна гэж шүүмжиллээ.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Тогтвортой байдлын гэрээ гэдэг ойлголт Ашигт малтмалын тухай хуульд бий. Тогтворжуулалтын гэрээний ялгаа нь салбар харгалзахгүй хэрэглэгдэж болохоороо онцлог. Ер нь Хөрөнгө оруулалтын хуулийн гол онцлог маань гадаад дотоодын хөрөнгө оруулагч гэж ялгахгүй байгаад бий” гэв.

Дараагийн асуултыг Су.Батболд гишүүн асуулаа. Тэрээр асуултынхаа цагийг бүхэлд нь шүүмжлэлд зориулав. Хурлын эхэнд гарсан гомдлоо үргэлжлүүлэн “УИХ-ын түүхэнд олонх нь өөрт таалагдаагүй асуудлыг ажлын цаг дууссаны дараа, сөрөг хүчний дуу хойлоог оролцуулалгүй шийддэг  зүйлийг анх удаа харлаа” гээд хэлэлцэж буй хуулийн төслийг  товчоор “хэдэн хүний лоббигоор хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа далимдуулсан хууль” гэж дүгнэв.

Гишүүн Ж.Эрдэнэбат “Дөрвөн төрлийн татварыг тогтвортой байлгаснаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн баталгаа байгаа юм уу” гэдгийг лавлав.

МАН-ын гишүүдийн гомдол Д.Дэмбэрэл гишүүний асуултын цагаар үргэлжилж, “Засгийн газрын арчаагүй ажлын үр дүн гарч байгаа нь хөрөнгө оруулалт 42 хувиар унасан дүн. Энэ хууль батлагдангуут гадаадын хөрөнгө оруулагчид гүйлдээд ирэх юм шиг төсөөлж байгаа юм байна. Угтаа бол стратегийн салбар гэж өмнө онцгойлсон бодлогыг гадаадын хөрөнгө оруулагчид эсэргүүцээгүй. Гэтэл энэ бодлогыг авах гэж байна. Энэ бүхнээс дүгнэвэл, гадаадын хөрөнгө оруулагч, уул уурхайн компанитай сүүлэрч явдаг хүмүүсийн оруулж ирсэн бодлого орж ирсэн юм биш үү” гэчихэв.

Энэ бүх асуултад сайд Н.Батбаяр хариулт өгч байсан боловч, тодорхой, ойлгомжтой тайлбар дутагдаж байсан тул асуулт давтагдаж байлаа.

Дараагаар нь Г.Уянга гишүүн “Стратегийн салбар гэж байсныг шинэ хуулинд байхгүй болгосны шалтгаан нь юу болох тухай”, М.Батчимэг гишүүний “үндэсний хөрөнгө оруулагчдаа хамгаалах төрийн бодлого хэрхэн туссан тухай” асуув. Б.Бат-Эрдэнэ гишүүн ч “Сайд Н.Батбаярын өөрийнх нь хэлснээс иш татан, аливаа хуулиас шалтгаалж эдийн засаг хүндрээгүй юм байна. Тэгвэл хууль өөрчлөхөөр ээлжит бусаар хэлэлцэх шалтгаан юу болох”-ыг лавлав. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хариулт оновчтой, хуулийн шаардлага хэрэгцээг ойлгомжтой тайлбарлаж чадахгүй байсан тул гишүүн М.Батчимэг асуултынхаа хариуг сайдаас биш ажлын хэсгийнхнээс авах хүсэлт ч гаргаж, сүүлд хариултаа цаасаар авахаар болов.

Ингээд хэлэлцүүлэг гишүүн Ц.Нямдоржийн “Бий болсон нөхцөл байдлаа ойлгохгүй байж яаж хууль оруулж ирсэн юм бэ. Ингэж засгийг удирдана гэвэл хоншоор чинь дутна шүү” гэх даапаалал, сайд Н.Батбаярын “Монгол банк Засгийн газар хоёр хос багана шиг ажиллаж байна. Монголчууд амны билэгтэй ард түмэн” гэх хариугаар үргэлжиллээ.

Хуулийн төслийг шүүмжилсэн гол шүүмжлэл нь хуулиар том компаниудад л давуу байдал, тогтвор амласнаас биш жижиг бизнесийнхнийг орхигдуулсан хэрэг гэх санаа байсан бөгөөд хууль санаачлагчийг төлөөлөн Н.Батбаяр хариулт өгсөн нь “Жижиг дунд бизнесийнхэн, үйлдвэрлэгчдэд зориулсан тодорхой хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлогыг удахгүй чуулганд оруулж ирэх болно” гэх амлалт байлаа. Мэдээж шүүмжлэл хэлж буй гишүүд Н.Батбаярын “Үнийн өсөлт өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин буурсан” гэж хэлснийг “Юмны үнэ хоёр дахин буурсан” гэж хэлсэн мэтчилэнгээр мушгиж, жижигхэн улс төр хийж амжив.

Ийнхүү үдээс өмнөх хуралдаанаар Н.Энхболд “далимдуулж”, МАН-ынхан шүүмжилж, гишүүд асууж, Н.Батбаяр сайд маш олон зүйл ярьсан боловч тодорхой оновчтой хариулт өгөлгүй байсаар завсарлав.

НЭМЭЛТ: 18:00 цаг

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай
хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцээд, олонхийн саналаар
чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эдийн засгийн байнгын
хороонд шилжүүлсэн байна.

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж