
Улстөрчдийг шоглоод ч болов хүн үзээд сатаарах хөөрхөн реклам хийж, чамгүй мөнгө олж дөнгөдөг манай хошин шогчдын шуурхай мэдрэмжтэйн жишээ саяхан бас нэгэн рекламаар тод харагдав. Ердөө л уржигдар дэгдсэн гар бөмбөгний дуулианаар тэд өнөөдөр аль хэдийнэ рекламны ролик хийгээд FM-үүдээр цацаж эхэлжээ.
Ц.Мөнхбаяр тэргүүтэй “Гал үндэстэн” холбооныхон Төрийн ордон руу сум тавьж, галт зэвсэг, гар бөмбөг /манайхан гранат гэж яриад бараг хэвшсэн/ тавьсан төдийгүй Шангрила төв, Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд гранат тавьсан гэсэн мэдээллийн дагуу хогийн сав, цэцгийн мандлаас нь гар бөмбөг хайж илрүүлсэн хэрэг даваа гаригт гарав даа. Зарим нэг хүн ийн гар бөмбөгийн дуулиан дэгдсэн талаар сонсч ч амжаагүй байхад жүжигчин Цоомоогийн дуу FM-ээр хадаж байна аа, “Хүүе ээ, энэ хогийн саванд хэн гранат тавьчихаа вэ? Онцгой байдлынхныг дууд…” гээд л. Амар амгалан Монголын нийслэлд өч төчнөөн гар бөмбөг тавьсан дуулиан намжаагүй байгаа үед хүн болгон сэрхийн гайхмаар. Харин роликны утга нь явж явж гар бөмбөг биш, хог байх бөгөөд хогоо цэвэрлэхгүй байсаар, ширдэгний хялгас нь ширэлдэж бөөгнөрсөөр гранат шиг болчихсон байгаа тухай тэд элэглэж байгаа бололтой. Бас хөөрхөн, “Энэ ер нь ширдэг юм уу, хулдаас юм уу” гэж уулга алдахыг бодоход хивс цэвэрлэгчний ч юм уу сурталчилгаа бололтой. Сэргэлэн, шуурхай золигнууд шүү.