Э.Төрмандах: Уран бүтээлүүд минь ундарч байна

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

Э.Төрмандах: Уран бүтээлүүд минь ундарч байна

“Сайхан”, “Энх улирал”, “Аархал”  зэрэг хит дуугаараа олонд танигдсан Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Төрмандахтай уулзан шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Шинэ уран бүтээлээ клипжүүлэн үзэгчддээ хүргээд удаагүй байгаа шүү дээ. Энэ дууныхаа талаар сонирхуулахгүй юу?

-Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Хамгийн сүүлийн клип, тос даасан уран бүтээл маань үзэгчдэд хүрлээ. Дорноговь аймагт амьдардаг хөгжмийн зохиолч Б.Ганболд ах аялгууг нь зохиож, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын М.Ганбаатар шүлгийг нь бичсэн “Тайжийн хурд” гэж сайхан дуу клип нь гараад дөнгөж хүмүүст хүрч эхэлж байна.

-Яагаад заавал хурдан морины тухай магтан дуулсан юм бэ?

-Дорноговь аймгийн Дэлгэрэх сум нь эртнээс Тайж, Банди угшлын сайн адуутай. Хэдийгээр энэ угшил нь сайн дэлгэрээгүй ч моринд хорхойтой хүмүүс анддаггүй юм билээ. Тэр Банди, Тайж угшлын хурдан адууг монголд дэлгэрүүлэх зорилготойгоор уяачдын холбоотой хамтран энэхүү уран бүтээлийг хийсэн.

 -Аан, тэгээд клипээ нутгийн алдартай уяачид хурдан угшлын талаар хууч яриа түүхийг сөхөн ярьж буйгаар эхлүүлжээ дээ?

-Тийм шүү. Клипний зохиолыг их л бодож хийсэн. Нутгийн алдарт уяачид Банди, Тайж угшлын хурдан хүлгийнхээ талаар товчхон танилцуулсан байгаа. Мөн Дорноговьт байдаг соёмботой уулыг график ашиглан соёмбыг нь тэнгэрээс ирж байгаа юм шиг хийсэн. Энэхүү дууг Мэдээлэл харилцаа холбооны дарга Ц.Жадамба гээд манай найз маань захиалж, нутгийнхаа хурдан удмын хүлгүүдийг дэлгэрүүлэх бодлоготой гаргасан дуу байгаа юм. Энэ дууны клипийг миний “Аархал”, “Энх улирал”, “Сайхан” гэж хүмүүст хүрсэн сайхан дуунуудыг минь хийсэн “Face” студи хийсэн.

-Шинэ клипэндээ та нэлээд өвөрмөц загварын дээл өмссөн байсан. Энэ дуундаа зориулан урлуулсан уу?

-Тийм ээ. Малгай, ханцуйндаа цацагтай энэ дэээлээ “Тайжийн хурд” дуундаа зориулж дээл урладаг хүнээрээ захиалан хйилгэсэн. Морин дэл дээр байгаа юм шиг салхинд дэрвэлзээд их сайхан дээл болсон.

-Уран бүтээлийн тань талаар илүү сонирхмоор байна. Энэ зуныг хэрхэн өнгөрүүлэв. Дараагийн уран бүтээлүүдээ хэзээ дэлгэх вэ?

-2013 он бол үнэхээр миний хувьд уран бүтээлийн галтай жил байна. Өмнөх жилүүдэд би дөнгөж уран бүтээлүүдээ хийгээд учрыг нь олохгүй явлаа. Уран бүтэл хийн ард түмний чихэнд хоногшуулан зүрхэнд хүргэнэ гэдэг бол хэцүү. Энэ жил бол нэлээд хэдэн уран бүтээлээ олонд хүргэлээ. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19, 20-нд Монгол бөхийн өргөөнд “Аархал” нэртэй тоглолтоо хоёр өдөр хийлээ. Түүний дараа “Аархал” тоглолтоо 21 аймагт сар тав хоногийн дотор аялан тоглолтоо хийн үзэгчдэдээ хүргэлээ. “Бурхан зүрхний аав”, “Аархал” хэмээх хоёр шинэ цомгоо гаргалаа. Энэ зун наадмаа хийн тэгш ойгоо тэмдэглэсэн аймгуудад уригдаж очин “Аархал” тоглолтоо хийсэн. Ер нь бол 2013 он миний хувьд ажил, амжилтаар дүүрэн жил болж байна. 2014 он бол миний хувьд үүнээс илүү эрч хүчтэй жил байна хэмээн дотроо бодож байна. Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл аав, ээжийн дуу гэхээсээ илүүтэй “Аархал” гэдэг дуугаа дуулсанаас хойш эрийн хийморь, хурдан хүлгийн тухай гэдэг ч юм уу надад эрэмгий дуунууд их санал болгодог болсон. Би саяхан ээждээ зориулан “Дэлхий аргадах ээж” гээд Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Сэр-Од багшийн аялгуу, н.Оюунчимэг хүний шүлэг нэг сайхан ээжийн тухай дууг зориуд сонгон дуулсан байгаа.  Бусад шинэ уран бүтээлүүд маань дандаа эр хүнийг магтсан юм уу эсвэл морины тухай эрч хүчээр дүүрсэн цоглог дуунуудыг дуулж байна даа.

 -Дараагийн шинэ клип хэзээ үзэгчдэд хүрэх бол?

-Би дөнгөж өчигдөр “Тайжийн хурд” дууныхаа араас гаргах гэж буй шинэ уран бүтээлийн ажлаа эхлүүллээ. Тэр дууныхаа шүлгийг яруу найрагч Н.Баянмөнх ахтайгаа уулзаж захиалсан.

“…Өмссөн дээл минь Монгол

Өр зүрх минь Монгол

Өрөвч сэтгэл минь Монгол

Эр зориг минь Монгол

Эрэмгий зан минь Монгол

Нүүрийн буян минь Монгол

Нүнжиг хишиг минь Монгол

Нүүдэлчин омог минь Монгол…” гэсэн шүлгийг Н.Баянмөнх ах маань зохиож өгсөн. Гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ ахдаа энэхүү шүлгээ өгөөд та намйаг бодож байгаад энэ дуунд мааньт ая хийгээд өгөөч ээ хэмээн гуйсан. Өчигдөр бид уулзаад дуугаа сонссон. Надад маш их таалагдсан. Шинэ дуу маань “Тайжийн хурд” дууны араас үзэгчдэд хүрнэ. Би шинэ дууныхаа клипийг өвөл цас унах үеэр бүх монгол эрсийн шүтээн болсон Шилийн богд хайрханы өвөрт сайхан монгол ахуй, төрхтэй залуусын хамт очин клипээ хийнэ гэсэн төлөвлөгөө гарчихсан ажиллаад явж байна. Энэ дуундаа нэр өгөн бичлэгээ хийлгэнгүүт фм-үүдээр цацагдана аа.

 -Шинэ тоглолтын товоо хэдийгээр зарлах уу? Ямар тоглолт байх бол?

-Энэ жил “Аархал” тоглолтоо хүргэсэн болохоор ирэх онд тоглолтоо хийхээр төлөвлөөд байна. Тэрхүү тоглолт маань мэргэжлийн түвшинд Төрмандах гэж хүн ямар уран бүтээл хийдэг вэ гэдгийг илүүтэй харуулна. СУИС-ийг дуурийн дуулаачаар төгссөн учраас оркестор, Морин хуурын чуулгатай ингэж дуулдаг юмаа гэдгээ ард түмэндээ үзүүлэх зорилготой шинэ уран бүтээлийн тоглолт хийх төлөвлөгөө байгаа.  Цаашид төлөвлөж, бодсон ажлууд зөндөө байна. Цаг нь болохоор хуваалцана даа.

Г.ДАША
Эх сурвалж: www.eagle.mn

Э.Төрмандах “Тайжийн хурд” дууны клипийг хүргэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж