&#34Сэтгүүлч Ерөнхийлөгч сэтгүүлчээ дэмжсэний илрэл&#34

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

&#34Сэтгүүлч Ерөнхийлөгч сэтгүүлчээ дэмжсэний илрэл&#34

А.Ганбаатар: Сэтгүүлч Ерөнхийлөгч сэтгүүлчээ дэмжин ажиллаж байгаагийн нэг тод жишээ энэ юм

Монгол Улсын Ерөнхийлөг­чийн Тамгын газраас санаачлан Мон­голын хэвлэл мэдээллийн байгуул­лагуудын сэтгүүлчдийг АНУ-д нэг сарын хугацаагаар англи хэлний мэдлэг, сэтгүүл­чийн мэргэжил дээш­лүүлэх сур­гал­тад хамруулах ажлыг эх­лүүлж нийт гурван багийг ам­жилттай суралцуулаад ирсэн. Энэ үйл ажиллагааны талаар хэв­лэл мэдээллийн байгуул­лага сэт­гүүлчдэд мэдээлэл олгох зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатартай ярилц­лаа.
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар манай хэвлэл мэдээллийн сэт­гүүлчид АНУ-д сургалтад хам­рагдах болсон.Энэ ажил юунаас эхэлсэн нь сонин байх болов уу?
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч 2009 онд сонгогдсоныхоо дараа­гаар гадаадад айлчлал хийхдээ уламжлал ёсоор сэтгүүлчдийг авч яван мэдээлэл бэлтгэдэг байсан. Албан ёсны айлчлалын хажуугаар Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй чөлөөт уулзалтуудыг их хийдэг.Мөн Ерөн­хийлөгч нэлээд олон газар англи хэл дээр илтгэл болон лекц тавьж байсан нь сэтгүүлчдийн шууд мэдээлэл авах сонирхлыг их нэмэгдүүлсэн байх.Энэ үеэр сэт­гүүлчдийн олон улсын хэл болох англи хэлний түвшин нь харилцан адилгүй байснаас үүдэн сэтгүүл­чид өөрсдөө Ерөнхийлөгчид хү­сэлт тавьж эхэлсэн юм.Сэтгүүлч­дийн хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлт хоёр гурван айлчлал дам­жин яригдаж Ерөнхийлөгч ч үүнд их анхаарч эхэлсэн. Сэтгүүлчид хүмүүсийн тавьж байгаа илтгэлийн агууламж, нугачаа, хэлэх гэсэн санаа, тухайн орчны мэдрэмж гээд олон зүйлийг мэдэхийг хүсч байна гэдгээ илэрхийлж хэл суръя, мөн бидний мэргэжлийн ур чадвар олон улсын жишгээс хэр байдаг бол гэсэн санал санаанууд тавигдаж эхэлсэн. Сэтгүүлчид ч энэ саналаа их зөв илэрхийлсэн гэж би боддог.
 
-Тиймээ, хэлний бэрхшээ­лээс зарим мэдээллээс хоцрох тохиолдол их байдаг шүү…

-Мэдээж хэлний мэдлэг сайтай хүн тухайн орчны байдлаас шууд мэдээллээ илгээж байхад, зарим нь орчуулагчаар дамжуулан авч, зарим нэг нь албаны хүнээс гадаад харилцааны болон зөвлөхүүдээр дамжуулан мэдээлэл авч ажилла­даг. Тэгээд хэлний мэдлэг сайтай бол илүү өргөн хүрээг хамарч мэдээ мэдээлэл бэлтгэх боломжтой байна гэж үзсэн л дээ. Тэгээд Ерөнхийлөгч бидэнд үүрэг өгсөн. Сэтгүүлчдийн энэ санал санаачил­гыг ажил хэрэг болгох нь зөв.Сэтгүүлчдийн хэлний мэдлэг өргөн байснаар гадаад орчны зөв мэдээ­лэл бидэнд хүрч мөн бидний та­лаар ч олон улсад мэдээллээ со­лил­цох том алхам болно гэж хэл­сэн.Би сэтгүүлч хүн, чи ч сэтгүүлч хүн энэ ажлыг чамд даалгаж байна гэсэн үүргийг хүлээж авсан.
 
-Сэтгүүлчдэд зориулсан сур­галтаа АНУ-д хэрэгжүүлэх бол­сон талаараа тодруулаач?

-Мэдээж дотооддоо зохион байгуулах боломж бий. Гэхдээ бид анхнаасаа Ерөнхийлөгчийн даал­гав­раар хэрэгжүүлж байгаа ажлаа яагаад сэтгүүлчдээ гадагшаа сур­гаж болохгүй гэж нэг ёсондоо том харсан. Энэ ажил ЕТГ-ын хүрээнд яригдаж АНУ-ын “Америкийн Зөв­лөл” олон улсын боловсролын (American Councils for International Education) байгууллагыг судлан олж энэ байгууллагатай хамтра­хаар шийдсэн.
 
-АНУ-ын “Америкийн Зөвлөл” олон улсын боловсролын (Ameri­can Councils for Inter­national Education) байгууллагын талаар тодруулна уу. Өмнөх мэдээллээс харахад манай орон гишүүн нь болсон гэж байсан?

-Уг сургалтыг Олон улсын боловсролын Америкийн консул (American Councils for international education) зохион байгуулдаг. Тус консул дэлхийн 62 улстай хамтран үйл ажиллагаа явуулдаг.Иргэдийн боловсролыг сайжруулах, туршла­га солилцох тал дээр түлхүү ан­хаарч ажилладаг.АНУ-ын болов­сон хүчнийг гадагш явуулж ажил­луулах, гадаад орны боловсон хүчнийг АНУ-д аваачиж сургад­гаа­раа онцлог. Олон улсын боловс­ролын Америкийн консул нь Аме­ри­кийн 1000 гаруй их, дээд сур­гууль, гадаадын зуу, зуун их, дээд сургууль, Засгийн газар, Үйлд­вэрчний эвлэл, ашгийн бус бай­гуул­­лагатай хамтран ажилладаг. Бүх үйл ажиллагаа нь боловсрол, судалгаа, англи хэлний сургалтын хөтөлбөрт чиглэдэг байгууллага юм. Мөн тус консулд 2010-2011 оны хооронд гадаадын орнуудаас суралцах хүсэлтэй 54901 хүн санал ирүүлснээс ердөө 3677 хүнийг хүлээн авч сургалтад хам­руулсан тоо байдаг. Өөрөөр хэл­бэл авч суралцуулж буй хүмүүсийн шалгуур нь их өндөр гэсэн үг. АНУ-ын иргэдээсээ ч тус консулын шугамаар гадаад орнуудад 2886 хүн явж суралцуулсан гэсэн мэ­дээл­лийг бидэнд өгсөн. Энэ бай­гууллагын давуу тал нь тодорхой хувийн төрийн оролцоотой ТББ юм. Энэ утгаараа ч Ерөнхийлөгчид их таалагдсан.Төрийн том чиг үүргийг ТББ нь хийж болдгийн жишээ энэ байгууллага.Ерөнхийлөгчийн хэл­дэг төр данхар том байхаар зарим ажлыг ТББ хийж баймааж их иргэн­лэг болдог гэдэг нь үүнтэй ч их нийцсэн.Яах аргагүй тус бай­гууллага нь санал тавьсны дагуу судалж, манай орон 2013 онд гишүүн нь болж орсон.
 
-Тус байгууллагын гишүүн орон болсны давуу тал юу вэ?

-Ер нь бол Азиас анх удаа сэтгүүлчдээ сургая гэсэн хүсэлтийг манай орон тавьсан. Их сайн хүлээж авсан.Тус консул нь хэлний сургалтанд тулгуурлан хүссэн сургалтууд явуулдаг учир сэтгүүл зүйн лекц, сургалт, дадлага явуулах бүрэн боломжтой гэдгээ бидэнд илэрхийлсэн. Үүнийг албан ёсны баталгаатай болгох үүднээс Мон­гол Улсын Ерөнхийлөгчийн Там­гын газрын дарга П.Цагаан тус Америкийн консул (American Councils for international education) -ын Ерөнхийлөгчийг Монголд урь­сан. Бид зөвхөн сэтгүүлчдээ сур­гаад зогсохгүй энэ байгууллагын шаардлагад нийцсэн ямар ч сур­галтанд хамтарч ажиллах боломж нээгдсэн.Мөн хэлний мэдлэг өндөр­тэй сэтгүүлчдээ зориулан өөр сургалтанд ч хамруулж болох талаар ярилцсан.

-Монгол Улсын Ерөнхийлөг­чийн Тамгын газрын дарга П.Цагаан Америкийн консул (Ameri­can Councils for interna­tional education)-ын Ерөнхийлөг­чийг Монголд урих үеэрээ сэт­гүүлчдэд нэлээд мэдээлэл түгээ­сэн.Мөн энэ ажил нь 2013 оны Ерөнхийлөгчийн сон­гуультай холбоотой гэсэн харыг дарж чадсан болов уу?

-Бид энэ хөтөлбөрөө хэрэгжүү­лэхээр Монголын талаас ЕТГ-ын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны дарга Ё.Бат­баяр очиж уулзан хамтын ажилла­гаа эхэлсэн түүхтэй. Эхний ээлж 14 хүний бүрэлдэхүүнтэй нэг сарын хугацаатайгаар суралцаад ирсний дараагаар АНУ-ын “Америкийн Зөвлөл” олон улсын боловсролын байгууллагын ерөнхийлөгч Дэн Дэвидсон тэргүүтэй төлөөлөгчид Монголд ирсэн. Олон улсын бо­ловс­ролын Америкийн консулын ерөнхийлөгч Дэн Дэвидсон, өөрийн багийн төлөөлөгчид болох дэд ерөнхийлөгч Дэвид Паттон, Стратеги, хөгжлийн газрын дарга М.Пэрэл, тус газрын менежер А.Гидаетов нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Мон­гол Улсын Ерөнхийлөгчийн Там­гын газрын дарга П.Цагаантай уулзаж, сэтгүүлчдэд байгууллагын­хаа талаар мэдээлэл хийгээд энэ хөтөлбөрөө урт удаан байх талаар танилцуулсан. Тэр үед сонгуультай холбоотой хар сэтгүүлчдийн дунд байсан.Энэ бол сонгуульд зориул­сан ажил биш цаашид үргэлжлээд явна гэдгийг сэтгүүлчид ойлгож авсан л даа.
 
-Та бүхний суралцуулахаар илгээсэн сэтгүүлчдийн үр дүн болон цаашдын зорилгын та­лаар та юу гэж дүгнэж байна вэ?

-Манай гурван ээлжийн явсан сэтгүүлчид аяны богц дүүрэн, атга дүүрэн шар тостой ирж байгаад бид баяртай байгаа. Эхний ээл­жийн сургалтад хамрагдсан сэт­гүүлчид АНУ-ын Ерөнхийлөгч Б.Оба­магийн тангараг өргөх ёс­лолд оролцон мэдээ, сурвалжлага бэлтгэсэн бол хоёр дахь ээлжийн сургалтад хамрагдсан сэтгүүлч­дээс Тарбозавр Батаар үлэг гүрвэ­лийн олдворыг Монголд шилжүү­лэх арга хэмжээнд оролцон сур­вал­жилсан юм.

Харин гурав дахь ээлжийн сэт­гүүлчид тус орны нэлээд олон хэвлэл мэдээллийн байгууллагаар зочилсноос гадна цаг үеийн мэдээл­лүүдийг тогтмол илгээж байсан гээд тус тусын онцлогтой.Гурав дахь ээлжийн сэтгүүлчдийн төгсгөлд Америкийн цагаан ордны гадаа Сирийн дайны эсэргүүцлийн жагсаалыг хүртэл сурвалжилж амжсан.Манай сэтгүүлчид Амери­кийн улстөрчид, академичид, сэт­гүүлчдийн төлөөлөлтэй уулзаж сэтгүүлчдэд зориулсан мэргэжлийн боловсролын төвд зочилж мэргэж­лийн талаараа өөр хаана ч сурал­цаж байгаагүй хөтөлбөртөө хам­рагдаж чадсан гэдэгт итгэлтэй байна.Америк дахь консул нь АНУ-ын Вашингтон хотод байрлах олон улсын ашгийн бус байгууллага бөгөөд дэлхийн 25 улсад салбар нь байдаг.“Мэдлэг боловсролтой, өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг дэлхий дахинд бэлтгэх” уриатай ажилладаг газар юм.Тийм учраас бид сэтгүүлчдээ цаашид үргэлжлүүлэн тэднийхээ саналыг авч суралцуулахаас гадна, явсан сэтгүүлчид өөрсдийн бүлэг, багийг бүрдүүлж гаднаас ч алдартай хүмүүсийг урьж авчран сургалт, лекц зохион байгуулах ажлыг хийх зорилго байгаа.Гол нь сэтгүүлчдээ боловсруулах зорилготой.Хэлний мэдлэг өндөртэй сэтгүүлчээ сэтгүүл зүйн боловсролоо нэмэгдүүлэх, бүр том хэвлэл мэдээллийн бай­гуул­лагад дадлага хийлгэх, эсхүл мэргэжлийн болон хэлний хувьд гүнзгийрэх сонирхолтой гэх мэтээр ангилж сургаж болно гэсэн зорилго байгаа.
 
-Энэ хөтөлбөр цааш үргэлж­лэх үү. Суралцахаар явах ямар шаардлага тавих, цаашид юу анхаарах хэрэгтэй вэ?

-Энэ сургалт цааш үргэлжилнэ. Дараагийн ээлжийг арваннэгдүгээр сард явуу­лах зорилготой байна.Байгуул­лага дотроо нээлттэй зарч­маар сэтгүүлчээ сонгон ирүүлэх, тухайн сэтгүүлч нь байгууллагадаа тодорхой хугацаагаар ажилласан, шаардлагыг тавина.Мөн хэлний мэдлэгийн түвшний шалгалт авна.Тодорхой хэлний мэдлэгтэй сэт­гүүлч­дэд нээлттэй хөтөлбөр юм.Мөн эцэст нь хэлэхэд сэтгүүлч Ерөнхийлөгч сэтгүүлчээ дэмжин ажиллаж байгаагийн нэг тод жишээ энэ юм.
 

П.ЭНХЖАРГАЛ
Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж