2008 онд батлагдсан Үндэсний Хөгжлийн цогц бодлогын дагуу Монгол Улс томоохон ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, нийгэм эдийн засгийн өсөлтийн хурдыг эрс нэмэгдүүлэх, хөгжлийг хурдасгах бодлогын чухал алхмуудыг хийсний үндсэн дээр 2011 онд 17.5%-ийн эдийн засгийн өсөлтөд хүрч, манай улсын ДНБ 10 тэрбум ам.долларт хүрлээ.
Харьцуулахад, дөнгөж 10 жилийн өмнө Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 1 тэрбум ам.долларт хүрэхгүй түвшинд байсан бөгөөд нийт улсын хөрөнгө оруулалт жилд дөнгөж 30 сая орчим ам.доллар байсан цаг саяхан. Гэтэл ийнхүү 10 жилийн дотор манай эдийн засаг 10 дахин нэмэгдэж, ялангуяа 2008 оноос томоохон бүтээн байгуулалтын үндэс суурь эрчимтэй тавигдаж, стратегийн ордууд болох Оюутолгой, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эхэлж, бүх аймгийг засмал замаар холбох, шинэ олон улсын онгоцны буудлыг барих, дэд бүтцийн өргөтгөх ажлууд эхэлж, улмаар дэлхийд хамгийн томоохонд тооцогдох Монгол-Австралийн шинэ зэс алтны уулын баяжуулах үйлдвэр байгуулагдаж, шинэ нүүрс боловсруулах үйлдвэр, цахилгаан станцууд Говьд ажиллаж, Монголын нийт экспортын хэмжээ үсрэнгүй нэмэгдлээ. 2009 онд манай улсын гадаад худалдааны эргэлт 4 тэрбум ам.доллар байсан бол 2012 онд 11 тэрбум ам.долларт хүрч, үүний дотор экспорт бараг гурав дахин өсч, 3 жилийн дотор 1.8 тэрбум ам.доллараас 4.3 тэрбум ам.доллар болж өсөв. Цаашид манай экспорт үлэмж хэмжээгээр нэмэгдэх төлөвтэй байгаа нь Оюутолгой, Тавантолгой ордуудын ашиглалттай нягт уялдаатай байгаа юм.
Бодит эдийн засгийн өсөлт бүх салбарт бий болж, 2008 оноос хойш 2005 оны зэрэгцүүлэх үнээр газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээ бодитоор нийтдээ 37%-иар өсч, түүний дотор үр тариа, төмс, хүнсний үйлдвэрлэлийн хэмжээ 20-60%-иар нэмэгдэж Монгол Улс өөрийн буудай, төмсний хэрэгцээг 100% өөрөө хангадаг болж, аж үйлдвэрлэлийн хэмжээ мөн 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2.2 дахин нэмэгдэж, түүний дотор нүүрс олборлолт 2 дахин, газрын тосны үйлдвэрлэл 94%-иар, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл 62%-иар, хувцасны үйлдвэрлэл 2.1 дахин, арьс ширний боловсруулалт биет хэмжээгээр 44%-иар өссөн. Эдийн засаг тэлэхийн хэрээр ажилгүйдэл 29%-иар багасч, ажилгүйдлийн түвшин 11.6%-иас 8.2% хүртэл буурч, сарын дундаж цалин 2009 онд 300 мянган төгрөг байсан бол 2012 онд 565 мянган төгрөг болж, улмаар ядуурлын хэмжээ 39%-иас 27% болж багассан.
Эдийн засгийн өсөлт, хөгжилд хамгийн чухал зүйл бол хөрөнгө оруулалт байдаг. Хөрөнгө оруулалтыг урьд нь зөвхөн төсөв, гадаадын зээл тусламж, гадаадын шууд хөрөнгө оруулалт гэсэн хязгаарлагдмал хүрээг өөрчилж, өнгөрсөн жилүүдэд Монгол Улс төр-хувийн түншлэлийг хөгжүүлэн Концессын хуулийг батлуулж улсын бүтээн байгуулалтад дотоодын болон гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, нөгөө талаас бонд зэрэг гаднаас арилжааны шугамаар босгох хөрөнгийг шинэ бүтээн байгуулалтад чиглүүлж менежмент хийх Хөгжлийн банкийг байгуулж, гуравт нь төсвийн хөрөнгө оруулалтын тогтолцоог шинэчлэн хөгжлийн бодлоготой уялдуулах өөрчлөлтийг хуулинд оруулж, 2012 онд Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж зангидах Эдийн засгийн хөгжлийн болон Байгаль орчин Ногоон хөгжлийн яамдыг байгуулсан байгаа. Ингэснээр Үндэсний Хөгжлийн цогц бодлогод орсон Монголын өөрийн бодлогоор улс орныг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх механизм бүрдэж байгаа.
Гэхдээ энэ механизмд хөдөлгөх хүч, нэг ёсоор түлш хэрэгтэй байгаа юм. Энэ нь дотоод, гадаадын хувийн хөрөнгө оруулалт байгаа. Энэхүү эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр, түүнийг бий болгосон нууц нь хөрөнгө оруулалтын бодлого байсан. Монгол Улсад 2007 онд нийтдээ 1252 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, түүний дотор төсвийн хөрөнгө оруулалт 407 тэрбум, дотоодын хувийн хэвшлийн нийт хөрөнгө оруулалт 370 тэрбум, гадаадын нийт хөрөнгө оруулалт 369 тэрбум төгрөг байсан бол 2012 онд буюу ердөө 5 жилийн дараа манай улсад нийтдээ 8.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, түүний дотор төсвийн хөрөнгө нэг их наядыг давж 1412 тэрбум төгрөг буюу 3 дахин өсч, хувийн хэвшлийн хөрөнгө төсвийн хөрөнгө оруулалтаас давж 1493 тэрбум болж мөн 3 дахин өсч, гадаадын хөрөнгө оруулалт 5213 тэрбум төгрөгт хүрч, 14 дахин нэмэгджээ. 2011 оны байдлаар нийт хөрөнгө оруулалт ДНБ-ий харьцаагаар Монгол Улс дэлхийд хамгийн өндөрт (51%-иар) бичигджээ.
1970-1980 онуудад зөвхөн тухайн үеийн ЗХУ-аас хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг зээлээр дийлэнхийг босгодог байсантай харьцуулахад, олон эх үүсвэр бий болж байгаа ч гэсэн манай эдийн засгийн хуримтлалын хэмжээ бага, хүн ам цөөн, айл өрхийн хадгаламжийн хэмжээ нь өндөр биш учраас хөрөнгө оруулалтыг манай нөхцөлд зайлшгүй зөвхөн дотоодын эх үүсвэрээс санхүүжүүлэх бололцоогүй болж байгаа юм. Гэтэл Монголын эдийн засгийн хөгжлийг хурдасгаж хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх, орчин үеийн аж үйлдвэр, дэд бүтэцтэй болохын тулд шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ ойрын 4-5 жилийн хугацаанд 60 орчим их наяд төгрөгөөс дээш гэж тооцогддог. Үүнд хувийн болон улсын шугамаар хийгдэх нийт хөрөнгө оруулалтын хэрэгцээг оруулж байгаа юм. Монгол Улс цаашид эрчимтэй хөгжихийн тулд орчин үеийн хүнд аж үйлдвэр буюу төмөр гангийн, зэс хайлуулах, хими – нүүрс боловсруулах салбаруудыг шинээр босгож, хөнгөн аж үйлдвэрээ орчин үеийн технологи бүхий салбар болгож экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг эрс сайжруулж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, зам тээврийн сүлжээг хөгжүүлж, эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох, дотоодын нөөц болох газрын тос, занар, нүүрсээр түлш үйлдвэрлэх, хөдөө орон нутгийн дэд бүтцээ эрс сайжруулах, нийслэлийн дэд бүтцийг орчин үеийн хотын түвшинд хүргэх асар их зардалтай томоохон хөрөнгө оруулалт, бодлогын алхмуудыг хийж, дээрээс нь мэдлэгт суурилсан орчин үеийн харилцаа холбоо, мэдээлэл технологи, биотехнологи зэрэг салбарыг хөгжүүлж 21-р зуун руу дэлхийтэй мөр зэрэгцэн, бүр түүнээс түрүүлж эрчимтэй хөгжүүлэх шаардлага байна.
Манай улсын хувьд бүтээн байгуулалтын санхүүжилтийн бүтцийг харахад гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нийт хөрөнгө оруулалтын 60 орчим хувийг бүрдүүлж байгаа, үүн дээр дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг оруулаад тооцоход хувийн хөрөнгө оруулалт манай улсад хийж байгаа нийт хөрөнгө оруулалтын 80 орчим хувийг эзэлж байгаа дүр зураг харагдаж байна. Манай улсын төсөв санхүүгийн байдал сайжирч төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ эдийн засагтай хамт жигд өснө гэж тооцоход ойрын 4 жилд төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ 12 их наяд төгрөг орчим байх, УИХ-аас баталсан төсвөөс гадуурхи хөгжлийн санхүүжилтийг 8 их наяд төгрөгөөр тооцсон ч нийтдээ улсын хөрөнгө оруулалт хамгийн таатай нөхцөл бүрдсэн ч 20 их наядаас хэтрэх бололцоо муутай нь харагдаж байгаа юм. Тиймээс үлдэж байгаа 40 их наядыг дотоод, гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийх шаардлагатай байгаа юм. Үүнд томоохон уул уурхайн төслүүд, боловсруулах болон баяжуулах үйлдвэрийн төслүүд, дэд бүтэц, орчин үеийн технологийн төслүүд орж, төр хувийн түншлэлээр хэрэгжүүлэх эрчим хүч, тээврийн төслүүд орно. Одоогийн байгаа Монголын хувийн хэвшлийн санхүүгийн чадавхи, боломжийг харахад, дотоодоос үүний 30 орчим хувь буюу 10 орчим их наядыг санхүүжүүлнэ гэж үзэхэд үлдсэн хөрөнгө оруулалт буюу 30 орчим их наяд төгрөгийн санхүүжилтийг гадаадын хөрөнгө оруулалтаар босгох шаардлагатай. Дээрээс нь төсвийн гадуурхи улсын санхүүжилтийн нэлээд хэсэг нь өнөөгийн бондын хэлбэрээр санхүүжиж мөн л олон улсын санхүүгийн зах зээлээс санхүүжих шаардлагатай. Манай дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эх үүсвэр нь мөн олон улсын зах зээл байдаг.
Үүнээс үзэхэд Монголын эдийн засгийн өсөлт, хөгжил дэлхийн санхүүгийн зах зээлийн байдалтай нэн уялдаатай нь харагдаж байна. Ийнхүү Монголын төр, хувийн хэвшил аль аль нь ойрын жилүүдэд манай улсад шаардлагатай хөрөнгө оруулалтыг дэлхийн зах зээлээс босгох зайлшгүй шаардлага байгаа юм. Иймээс манай улсын нийт хөрөнгө оруулалтад гадаадын эх үүсвэр маш чухал байгаа юм.
Зураг 1. Гадаадын хөрөнгө оруулалт улирлаар
Гэвч манай хөрөнгө оруулалтын орчин сүүлийн саруудад ихээхэн муудаж, хөрөнгө оруулалтын хэмжээ үлэмж хэмжээгээр буурах хандлагатай боллоо. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн боловч нэг зүйл хэлэхэд, өнөө үед 2008 онд ялгаатай нь дэлхий эдийн засаг хямраагүй, Хятадын эдийн засаг ч хямраагүй байгаа учраас хөрөнгө оруулалтын орчин муудсан нь цэвэр манай өөрийн дотоодын бий болгосон хүндрэл болж байна. 2013 оны байдлыг харахад гадаадын хөрөнгө оруулалт үлэмж буурч байгаа нь харагдаж байна. Үүнд зөвхөн Оюутолгойн хөрөнгө оруулалт зогссон биш, гадаадын хөрөнгө оруулалт бүхий салбарт татарч байгаа нь тодорхой байгаа юм.
Манай хөрөнгө оруулалтын орчин муудаж, улс төрийн нөлөөлөл ихээхэн нэмэгдэж, хөрөнгө оруулалтад популист байдлаар хандсан нь дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох, ихээхэн багасгах шалтгаан боллоо. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтын уналт нийт хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлж, улсын хэмжээнд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2013 онд зогсонги байдалд орж, нилээд хэмжээгээр буурах хандлагатай болох магадлалтай байна. Унаж байгаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нөхөх гэж төсөв, бонд зэргийн эх үүсвэрийг түлхүү ашиглаж болох гэсэн ч төсвийн хөрөнгө оруулалтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхийн тулд татварын дарамтыг нэмэгдүүлэх шаардлага гарах юм бол, бондоор зээлэх хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх тохиолдолд улсын өр ихээхэн нэмэгдэж өрийн дарамтыг төсвөөс, эцсийн эцэст нөгөө л татвараас санхүүжүүлэх шаардлага гарна.
Энэ онд хөрөнгө оруулалт буурна гэдэг нь зөвхөн тухайн жилд барилга угсралтын, хайгуулын зэрэг ажлууд зогсонги байдалд орох төдийгүй, ирэх жилүүдэд эдийн засгийн хүчин чадал, экспорт нэмэгдэх боломжгүй болж байгааг харуулж байгаа. Иймээс энэ сөрөг хандлагыг даван туулахын тулд төр засгийн зүгээс хөрөнгө оруулалтын орчинг нэн яаралтай сайжруулж, эрүүлжүүлэхгүй бол хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт зогсож 2014-2015 онуудад эдийн засгийн тэлэлт хязгаарлагдах байдал үүснэ. Ингэсэн тохиолдолд төсвийн орлого нь бүрдэхгүй, экспорт багасч гадаад худалдааны алдагдал улам их нэмэгдэж, гаднаас хөрөнгө босгох боломж эрс багасч, Монголын эдийн засгийн өсөлт саарч, нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн зорилтууд биелэх нөхцөлгүй болж, Монгол Улс дэвших биш, их хэмжээгээр хүрсэн түвшнээсээ ухрах болно. Үүний эхний шинжүүд болох төгрөгийн үнэгүйдэл, үнийн өсөлт аль хэдийнэ эхэлчихсэн бөгөөд ийм байдлаар хувийн хөрөнгө оруулалтын уналтыг мөнгөний бодлогоор аргацааж удаах нь санхүүгийн хувьд цаашид улам их хүндрэлийг бий болгох аюултай. Хөрөнгө оруулалт валютын эх үүсвэр болохоос гадна экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг тэтгэдэг гол эх үүсвэр учраас түүний уналт экспорт, валютын зах зээлд аль алинд нь нөлөөлдөг.
Энэ байдлаас гарахын тулд Засгийн газар, Их Хурал өмнөх алдаатай хуулиудаа засч залруулах ажлыг хийж, шинэ Хөрөнгө оруулалтын хуулийг батлах гэж байна. Энэ нь зөв зүйтэй алхам бөгөөд тус хуулийн төслийн гол санаа бол хуулинд ямар нэгэн хөнгөлөлт байхгүй, харин татварын нөхцлийг тодорхой хугацаагаар тогтмолжуулж хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг эрүүлжүүлэхэд оршиж байгаа. Одоогийн байдлаар Монгол Улсад дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад адил эрх олгосон, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг тогтворжуулж уул уурхайгаас бусад салбарт ажиллах нөхцлийг бүрдүүлсэн хууль байхгүй болохоор үүнд хууль бий болсноор урьд нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулагч нарт зөвхөн уул уурхайн салбарт байдаг байсан тогтвортой орчин нь дотоодын хөрөнгө оруулагч нарт ч бий болж байгаагаар давуу талтай. Эс тэгвэл өнгөрсөн оны сонгуулиар харагдсан зүйл гэвэл Засгийн газар, яам солигдоход шинэ хүмүүс өмнөх ажлаа үгүйсгэдэг, өмнөх Засгийн газрын ажлыг үл тоомсорлон байгуулсан гэрээ хэлцлийг хүчингүй болгодог, маш их тогтворгүй байдлыг үүсгэж сүүлдээ өөрсдөө алдаагаа ухамсарладаг ч гэсэн энэ хугацаанд ажлыг нурааж, хөрөнгө оруулалтын орчноо эрс муутгаж, эдийн засгийн хүндрэлийг бий болгодог.
Манай улсад парламентын сонгууль 4 жил болгон болдог бөгөөд томоохон хөрөнгө оруулалтыг хийх хугацаа 5-6 жил гэж тооцоход, төслийн хугацаанд байнга улс төрийн хүчтэй өөрчлөлт бий болж, эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг учир хөрөнгө оруулалтын хамгаалалтын механизм байхгүй бол Монголд хөрөнгө оруулалт хийх гадаадын ч дотоодын ч хөрөнгө оруулагч олдохгүй болоод байгаа нь энэ жилийн бүх хөрөнгө оруулалтын хурал чуулганаас харагдаж байна. Өмнө нь манай улс дэлхийд тэргүүлдэг хөрөнгө оруулалтын зах зээл байсан бол энэ жил гаргасан гадаад хөрөнгө оруулалтын индексээр эхний 20-д ч орж чадаагүй байгаа. Гэтэл энэ бол гадаадын хөрөнгө оруулагч нарыг хохироохгүй, учир нь тэд Мьянмар эсвэл Вьетнамд хөрөнгө оруулалтаа хийнэ, харин манай эдийн засагт л хохиролтой болж байгаа юм – валют ховордож, ажлын цар хүрээ багасч, олон мянган хүн ажилгүй болж, экспорт унах нь манай макроэдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгож байгаа юм. Иймээс хөрөнгө оруулалтын орчноо эрүүлжүүлж Хөрөнгө оруулалтын хуулийг батлах нь манай эдийн засагт, ялангуяа өнөө маргааш биш ч гэсэн дунд хугацаанд нэлээд эерэг үр дүнг авчрах боломж байгаа.
МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийн багш Т. Оюунбаатар ахалсан МУИС-ийн судлаачдын баг Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн дотоодын нийт бүтээгдэхүүнд үзүүлэх нийт нөлөөг нэрлэсэн дүнгээрээ 2014 ба 2015 онуудад харгалзан 1039.7 ба 1285.9 тэрбум төгрөг байна гэсэн тооцооны дүнг гаргасан байна. Энэ нь 2012 оны нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний 7.4% ба 9.2%-тай тэнцэх дүн юм. Хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаар ажил эрхлэлтэд үзүүлэх нийт нөлөө нь 2014 ба 2015 онуудад ойролцоогоор 17000 ба 21000 орчим ажлын байр шинээр бий болохоор байгаа бөгөөд энэ нь зөвхөн уул уурхай бус нийт эдийн засагт бий болох ажлын байрны тоо юм. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн хувьд хөрөнгө оруулалтын хуулийн төслийн гадаадын шууд хөрөнгө оруулалтад үзүүлэх эерэг нөлөөг эхний улирлаас тооцон 17 орчим хувь гэж үзсэн байна. Жилийн дотор хөрөнгө оруулалт 40% унасныг харгалзахад энэ нь тийм өндөр хувь биш ч гэсэн уналтыг зогсоож эерэг хандлагыг бий болговол 2014-2015 онуудад хөрөнгө оруулалт өсч, манай эдийн засаг хэвийн хөгжих бололцоо хангагдана гэж судлаачид үзжээ.
Гэхдээ тус хуулийн төслийг сайжруулах, боловсронгүй болгох нэлээд их зүйл ажиглагдаж байна. Тухайлбал, Хөрөнгө оруулалтыг тогтворжуулах хугацааг одоогийн төсөлд 5-10 жилд гэсэн байна. Гэтэл угаасаа манайд татварын орчинг хамгийн сүүлд томоохон өөрчлөлт оруулсан нь 2006 он буюу 7 жилийн өмнө байгаа. Тэгэхлээр, 5 жилээр тогтворжуулна гэдэг нь хэт богино хугацаа байна. Дээрээс нь томоохон хөрөнгө оруулалт, тухайлбал ДЦС-5-ыг концессын гэрээг 20-иос дээш жилээр хийж байгаа нөхцөлд, мөн томоохон хөрөнгө оруулалтын төслийн ажлын хугацаа өөрөө 5-6 жил байгаа тохиолдолд татварын тогтворжилтын хугацаа 5 жил гэвэл хугацаа хэт богино байгаа нь харагдаж байна. Дээрээс нь хөрөнгө оруулалтын хэмжээг тус хуулинд тусгаагүй нь алдаатай зүйл болно. Учир нь том хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх хугацаа урт, эрсдэл өндөр байдаг учраас хөрөнгө оруулалтын бодлогоор аль болохоор манай эдийн засгийг аваад явах томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд гол зорилго нь оршиж байгаа. Манайд Их хурлын сонгууль 4 жил тутам байдаг тул ядаж хоёр Их Хурлын сонгуулийн хугацаанд буюу 8-12 жилээр хууль тогтвортой үйлчлэх хугацааг шийдэх нь оновчтой байна. Эс тэгвэл, дараагийн Их Хурал өмнөх Их хурлын ажлыг мөн л үгүйсгээд байх нөхцөл үүсч хуулийн анхны санаа буюу тогтвортой нөхцлийг харьцангүй урт хугацаанд бий болгох зорилго нь биелэхгүй болно. Иймээс тогтворжилтын хугацааг хэмжээнээс нь шалтгаалан 8-12 жил байх нь оновчтой гэж үзэж байна.
Хоёрдугаарт, Монгол Улс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг 2001 онд баталж, үүнд бүсүүдийн хөгжлийг хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжинэ гэж тодорхойлсон байгаа боловч одоогийн хуулийн төсөлд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал тусгагдаагүй байна. Иймээс тухайн хөрөнгө оруулагчийн төсөл аль болохоор хэт төвлөрсөн Улаанбаатар зэрэг газар биш, орон нутаг хөдөөгийн хөгжлийг дэмжсэн байх нь оновчтой бөгөөд манай улсын бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдана.
Тогтворжуулах татварын төрөлд төсөлд 4 татварыг оруулсан боловч хөрөнгө оруулалтын тооцоо, зардалд ихээхэн нөлөөлдөг бусад төрлийн хураамж, төлбөрийг тодорхой хэмжээгээр хамруулах нь зүйтэй. Ингэснээр нийт ХО орчин ирэх жилүүдэд ямар байх нь тодорхой болж, төлөвлөлтийг хийх нөхцөл бүрдэж, хөрөнгө оруулалтын эрсдэл буурна.
Цаашилбал, улс оронд ач холбогдол бүхий чухал төслүүд дээр урьдчилж гэрчилгээ олгох, хугацааг итгэлцүүрээр нэмэгдүүлэх нь төслийн санхүүжилтэд эергээр нөлөөлөх чухал нөхцөл болно. Санхүүжилтийг дэлхийн зах зээлээс ч, Монголын банкнаас хүссэн нөхцөлд төслийн хөрөнгө оруулалтын тооцоо хэр эрсдэлтэйг хардаг бөгөөд ХО-ын төсөл татварын тогтворжилтод хамрагдах нөхцөл нь хангагдсан нь төслийн үнэ цэнэ болон санхүүжилтийн нөхцөлд нөлөөлдөг. Иймээс ХО-ын төсөл, түүний дотор ялангуяа манайд маш хэрэгтэй нэмүү өртөг шингээсэн төслүүдийн хувьд тогтворжилтын хугацааг нэмэгдүүлэх нь Монгол Улсад нэмүү өртөг үйлдвэрлэх төслүүд олноор хэрэгжихэд чухал болно. Мөн томоохон төслийг хэрэгжүүлэхэд бүтээн байгуулалтад зөвхөн томоохон компаниуд биш, олон хамтран зүтгэгч компани оролцдог учраас тогтворжуулалтад хамаарах этгээдийн хүрээг тогтоосон заалтыг оруулж шалгуурыг нь тодорхой болгох нь чухал гэж бодож байна.