
Одоогоос олон жиийн өмнө ХДХВ-ын халдвар авсан анхны тохиодол Монголд бүртгэгдэж, хүн бүр Камеруны хоёр залууг үзэн ядаж байв. Тэр үед ДОХ-ыг тахал адил ойлгож хүн бүр айн ширвээтэж байв. Харин одоо ханиад хүрсэн төдий үл тоох болжээ. Гэвч ДОХ, ХДХВ-ын халдвар авсан монгол хүний тоо зуу хэдийнэ давжээ. Анх энэ өвчин бүртгэгдэж байх үед нэг өвчтэй хүний цаана 100 хүн халдвар авах магадлалтай хэмээн тооцдог тухай эмч мэргэжилтнүүд сануулж байсан санагдана. Ийн тооцох юм бол ХДХВ-ын халдвартай хүний тоо мянгаар тооцогдож ч мэдэх нь. Эл өвчний халдвар тээгчдийн нас улам залуужиж байгааг эмч мэргэжилтнүүд нуухгүй байгаа. Хавар хэсэг шуугисан 13 настай хүүхэд халдвар тээгч болсон гэдэг нь батлагдаагүй ч эрт эхэлсэн бэлгийн замбараагүй харьцаа, мансууруулах бодисын хэрэглээнээс болж залуус ХДХВ-ын халдвар авах магадлал өндөр байгааг үгүйсгэх аргагүй юм.
ЕБС-д эрүүл мэндийн хичээл заадаг болсоор нэлээд хэдэн жил өнгөрч байна. Уг хичээлээр амны хөндийн ариун цэврээс эхлээд хүний биеийн бүтэц, анатомийг хүртэл заадаг. Тэр дунд нөхөн үржихүйн хичээл ч багтдаг. Тэглээ гээд хүүхдүүд эрт ухаарч, элдэв муу зүйлээс эрт сэргийлж чадаж байна уу гэсэн асуултад багш нар нааштай хариулт өгөхгүй байна. “Охид долоо наймдугаар ангид орох үеэсээ нүүр амаа будаж эхлэх болсон. Хуучин цагийн найдугаар ангийн сурагчид иргэний үнэмлэх авч байсан бол одоо дөнгөж л 12-14 насны хүүхдүүд наймдугаар ангид сурч байна шүү дээ. Гэтэл энэ насандаа хүүхдүүд бэлгийн амьдралд орж, хүзүү хоолойгоо улаан алаг болтол шимүүлчихсэн хичээлдээ ирдэг” хэмээн дунд сургуулийн нэгэн багш хэлж байлаа. Хэдийгээр албан статистикт дурдахгүй байгаа ч өсвөр насны охид жирэмслэх тохиолдол маш олон байна. Зарим нь бүр 15-16 насандаа ээж болцгоож байна. Дунд сургуулиа төгсөж амжаагүй байхдаа аав, ээж болж байгаа хүүхдүүд ч Монголын залуус бэлгийн амьдралд эрт орох болсныг гэрчилнэ.
Гэтэл үүнтэй зэрэгцээд аюулт өвчний вирусын халдвар газар авч байгаа талаарх мэдээлэл сар алгасахаа больжээ. Дээр нь бэлгийн замын өвчлөл ч их байна. ДОХ-той иргэдийн ихэнх нь бэлгийн замаар халдвар авсан бол 20 орчим хувь нь гадны нөлөөнөөс шалтгаалсан гэсэн судалгаа гарчээ. Сүүлийн үед хүүхэд залуусын шохоорхон сонирхдог шивээс, гоо сайхны мэс ажилбарууд нь элдэв халдвар тараах хамгийн эрсдэлтэй зүйлсийн нэгд тооцогддог. Ийн ДОХ, ХДХВ-ын халдвар өдөр, сараар нэмэгдэж, бүр залуужиж байхад салбарын яамныхан таг чимээгүй, зөвхөн шинэ тохиолдол бүрийг бүртгэж мэдээлэхээс хэтрэхгүй суугааг хэрхэн ойлгох вэ. Хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах нь эцэг, эхийн үүрэг гээд хүйтэн царай гаргаад суухгүй байх гэдэгт Н.Удвал сайдад итгэж байна. Айл айлын эзэгтэй нар үр хүүхдээ өвдөж зовох вий гэхээс хамгаас илүү айж бэргэдэг. Ард олны энхийн манаанд зогсож буй Н.Удвал сайдад ДОХ хэмээх аюулт өвчин газар авсаар байгааг сануулахад илүүдэх юун.