“Хавдрын эсрэг үндэсний аян-2013” үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

“Хавдрын эсрэг үндэсний аян-2013” үргэлжилж байна

“Хавдрын эсрэг үндэсний аян-2013” баруун, зүүн аймгуудад үргэлжилж байна

ХААН Банк, Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ), МҮОНРТ-ийн хамтарсан “Хавдрын эсрэг үндэсний аян” 2011 оноос хойш Монгол орон даяар амжилттай хэрэгжиж хvн амын нас баралтын хоёрдах vндсэн шалтгаан болж буй хавдрын эсрэг зохион байгуулалттай, үр дүнтэй, цогц үйл ажиллагаа болон өргөжиж ирлээ.
“Хавдрын эсрэг үндэсний аян” 2011 онд 21 аймаг, нийслэл хотын 9 дүүрэгт, 2012 онд 12 аймагт тус тус хэрэгжиж 2013 онд хавдрын өвчлөл өндөртэй Дорнод, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Сэлэнгэ аймийн Зүүнхараа  сум гэсэн 8 газарт хавдрын цогц тусламж үйлчилгээ үзүүлэн үргэлжилж байна.

Хорт хавдрын өвчлөл,  нас баралт жилээс жилд өсөн нэмэгдэж,  ялангуяа хөдөө орон нутгийн хүн амын дунд  хавдрын өвчлөл өндөр байгаа болон шинээр оношилогдсон хорт хавдрын 70 гаруй нь  III, IY үедээ буюу төгс эмчилгээ хийх боломжгүй үе шатандаа эмнэлэгт хандаж байгаа нь мэдээлэл дутмаг, мэргэшсэн эмчийн хүрэлцээ бага, хот суурин газраас алслагдсан,  иргэд эмнэлгийн анхан шатны үзлэг оношилгоонд хамрагдах боломжоор хомс байдагтай холбоотой юм.

“Хавдрын эсрэг үндэсний аян 2013”-ийн хүрээнд ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг   өнгөрөгч 8-р сарын 18-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу ажиллан  аймгийн Нэгдсэн эмнэлгүүдийн урьдчилан бүртгэсэн эрсдэлт бүлгийн иргэдийг үзлэг оношилгоонд хамруулж, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд  сургалт зохион байгуулан, орон нутагт яаралтай мэс ажилбар хийж байна. Ингэснээр орон нутагт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд орчин үеийн мэс заслын чиг хандлагыг мэдэж авахад ихээхэн тус дөхөм болж байна.

2013 оны үндэсний аяны эхний аймгуудын үр дүнгээс мэдээлэхэд  Дорнод, Хэнтий, Архангай, Өвөрхангай аймгуудад давхардсан тоогоор 6,042 иргэнд үзлэг, оношилгоо хийж, эд эсийн шинжилгээ авснаас  хортой хавдар-22, хортой  гэж сэжиглэгдсэн –34 , хоргүй хавдар-418,  хавдрын урьдал болон бусад суурь өвчин  2,343 байгааг оношилж 29 хагалгааг амжилттай гүйцэтгэсэн байна.

Хүн ардын хавдаргүй эрүүл амьдралын төлөө ХААН Банк Сангаас 300 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийж, эрсдэлт бүлгийн 40.000 гаруй иргэнийг хавдрын цогц үзлэг, оношилгоонд хамруулан 168 яаралтай мэс ажилбарыг газар дээр нь хийжээ. Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 19,3% нь хавдрын урьдал өвчин болоод хоргүй, хортой хавдар гэж оношлогдсон бол 53% нь ямар нэгэн суурь өвчтэй гэж гарчээ. Өөрөөр хэлбэл үндэсний аяны үр дүнд 7.400 орчим хүн хавдрын эрт шатанд оношилогдож, цаашид эмчилгээ сувилгаанд хамрагдах бүрэн боломжтой болжээ.

Хорт хавдрын өвчлөл, нас баралт дэлхий дахин болон Монгол улсад өсөн нэмэгдэж байгаа энэ цаг vед хvн ардад хэрэгцээтэй, vр өгөөжөө өгсөн төсөл хэрэгжvvлж буйд орон нутгийн ард иргэд талархан хvлээн авсан төдийгvй одоо ч хvртэл хамтран зохион байгуулагчдад эх орны өнцөг булан бvрээс ард иргэд талархлаа илэрхийлсээр байна.

Энэ долоо хоногт “Хавдрын эсрэг үндэсний аян” Өмнөговь аймагт үргэлжилж байна. 9-р сарын 22-нд эмч нарын баг Булган-Хөвсгөл маршрутаар ажиллахаар бэлтгэлээ хангаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж