Пирло эхний хоёр тоглолтод оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Пирло эхний хоёр тоглолтод оролцохгүй

Дэлхийн аварга Италийн шигшээ багийн хагас хамгаалагч Андреа Пирло хөлийн булчингийн гэмтэл нь бүрэн эдгээгүйн улмаас шигшээ багийнхаа эхний хоёр тоглолтыг өнжихөөр болжээ. Ингэснээр тэмцээний “F” багтсан Италийн шигшээ баг Парагвай болон Шинэ Зеландын багтай хийх хэсгийн эхний хоёр тоглолтдоо Пирлогүйгээр оролцох болж байна. 2006 онд италичууд дэлхийн аваргад түрүүлэхэд Италийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байсан Пирлог багийн анд Риккардо Монтоливо нь орлох бололтой. 25 настай залуу тоглогч Монтоливо энэ талаар “Пирло бол үнэхээр онцгой тоглогч. Италийн шигшээ багт түүнийг эзгүйд орлож чадах хоёр, гурван тоглогч бий. Гэхдээ энэ улиралд би түүний байрлалд тоглосон” гэжээ. Тэрбээр мөн “2006 оны дэлхийн аваргыг би зурагтаараа үзэж байсан. Харин одоо өөрөө биеэрээ оролцох гэж байна. Миний хувьд амьдралын минь, хөлбөмбөгийн замналын минь хамгийн чухал тэмцээн учраас үнэхээр их догдолж байна. Энэ жил Аваргуудын лигт тоглосноор би бага ч болов туршлага хуримтлуулж, өөртөө итгэх итгэлтэй болсон” гэжээ.
2006 оны дэлхийн аваргын финалд Францтай хийсэн тоглолтын шилдэг тоглогчоор тодорч байсан “АС Милан”-ы тоглогч Пирло энэ сарын 24-нд Словакийн багтай хийх тоглолтод багтаа эргэн ирэх юм.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж