
Сундерландын аав нь охиныхоо аялалыг Калифорнын “Thousand Oaks” дахь гэрээсээ ажиглаж байгаа бөгөөд сэтгэл санаа нь янз бүр болж байгаа ч өөдрөг байхыг хичээж байна гэж ярьсан байна. “Аббид шаардлагатай бүхий л багаж хэрэгсэл байгаа болохоор тэр энэ ослыг давж чадна. Түүнд хуурай хувцас, аврах завь, ослын үед хэрэглэх хүнс байгаа. Хэрвээ тэр биеэ дааруулалгүй тэсээд хүлээж байж чадах л юм бол удахгүй тусламж түүнийг олж очих болно” гэж гэрийнхэн нь ярьж байна. Сундерланд энэ оны нэгдүгээр сарын 23-нд 40 футын урттай завиараа дэлхийг зогсолтгүй тойрох зорилготойгоор Калифорнийн “Marina del Rey” боомтоос хөдөлсөн. Гэсэн ч техникийн гэмтлээс болоод замдаа хоёр удаа зогссон бөгөөд сүүлд дөрөвдүгээр сард Өмнөд Африкийн Кейптаун хотод зогсож засвар хийлгүүлсэн. Сундерланд хиймэл дагуулын утсаар дамжуулан гэрийнхэнтэйгээ болон өөрийг нь дэмжигчидтэй холбогдож байсан. Мөн өөрийн вэб сайтандаа аялалынхаа тухай сүүлийн үеийн мэдээ мэдээлэл дамжуулж байсан бөгөөд хамгийн сүүлд лхагва гаригт шинэ мэдээ тавьсан байна.
“Сүүлийн хэдэн өдөр зав муутай байлаа. Салхи 40-45 зангилаа хүчтэй хуйларч байсан. Харин өнөөдрөөс цаг агаар илүү аятайхан болж байна” гэж бичсэн байна. “Сундерланд маш шийдмэг, чадварлаг далайчин. Түүнд хэрэгтэй бараг бүх зүйл байгаа. Гэхдээ сүүлийн хэдэн өдөр хүчтэй шуургатай тулалдаад их ядарч цуцсан байх” гэж инженер Томас ярьсан. Өнгөрсөн жил Сундерландын том ах Зак нь амжилттайгаар дэлхийг ганцаараа завиар тойрон аялсан бөгөөд тэгж аялсан хамгийн залуу хүн гэж тооцогдож байсан. Харин Австралийн Жессика Ватсон өнгөрсөн сард дэлхийг ганцаараа тойрох аялалаа амжилттай дуусгасан бөгөөд 17 насныхаа төрсөн өдрөөс ердөө гуравхан хоногийн өмнө эх нутагтаа буцаж ирсэн. Хэрвээ аялал нь төлөвлөгөөний дагуу үргэлжилбэл Абби Сундерланд энэ оны 10 сарын 19-нд 17 нас хүрэхээсээ хоёр сарын өмнө дэлхийг тойрох аялалаа дуусгахаар төлөвлөжээ.
Т.Бадрах