Алтны асуудлыг хаалттай хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Алтны асуудлыг хаалттай хэлэлцэж эхэллээ

УИХ-ын
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 15.30 цагт үргэлжилж, Гадаадын
хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн
төслийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжиж, УИХ-ын ээлжит бус чуулган
руу оруулахаар болж шийдвэрлэлээ. Үүний дараа Алтны худалдаанд ил тод
байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсон юм. Гэвч
УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Алтны гурав, дөрөвхөн компани бий учраас
хуулийн төслийг хаалттай хэлэлцэх саналтай байна" гэснийг бусад гишүүд
дэмжсэнээр тус байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлээд
байна. Засгийн газраас өргөн мэдүүлээд буй дээрх төслийн хүрээнд Монгол
Улсын нутаг дэвсгэрт аж ахуйн нэгж, бичил уурхайчдын олборлосон алтыг
худалдан авах, экспортлох, олборлосон алтны хөдөлгөөний бүртгэл, тооцоог
эрхлэх асуудлыг Монголбанкны бүрэн эрхэд хамааруулснаар нэгдсэн
хяналтыг тогтоож, тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, бичил
уурхайчдын олборлосон алтыг нэгдсэн журмаар авдаг системд шилжиж алтны
худалдаанд зуучлагчдын хууль бус далд наймааг зогсоож, алтны олборлолт
болон валютын нөөц нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн Монгол Улсын
хурамтлалын хэмжээ өсч, эдийн засгийн чадавхи, баталгаа сайжирна гэсэн
өөдрөг төсөөлөл гаргаад буй юм. Тиймээс алтны нөөц ашигласны төлбөрийг
2,5 хувиар тооцож, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг “0” хувьтай
байхаар “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн
төслийг хамтад нь боловсруулжээ.

Мөн хуулийн төсөлд алтны
худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх талаарх УИХ, Засгийн газар,
Монголбанк, Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, алт
олборлогчдын эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой зааж өгчээ.
Ингэснээр  алт олборлогчид олборлосон алтыг Монголбанкинд тушаахаар
хуулийн төсөлд тусгаж, хууль зөрчсөн компани, аж ахуйн нэгжид зөрчлийн
шинж байдлыг харгалзан тусгай зөвшөөрлийг цуцлах, хууль бусаар
олборлосон, худалдсан алтыг улсын орлого болгох, 20 хүртэл сая төгрөгөөр
торгох, бичил уурхайчдын олборлосон, худалдсан, хил гаалиар
нэвтрүүлэхийг завдсан алтыг улсын орлого болгох, хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн
торгууль хүлээлгэж, зөрчил нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол
холбогдох зүйл, заалтаар хариуцлага тооцохоор зааж өгөөд байна.
Сануулахад, Монгол Улс 2005 онд 24 тонн алт олборлож байсан бол 2012 онд
зургаан тонн болж дөрөв дахин буурчээ. Түүнийг дагаад алт олборлогч аж
ахуйн нэгжүүдийн хувьд татварын дарамт нэмэгдэж Монголбанк болон
арилжааны бусад банкинд тушааж буй алтны хэмжээ эрс буурч, улсын валютын
нөөцийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлсэн гэж холбогдох албаныхан үзэх
болсон юм. Үүнд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай
хууль хэрэгжсэнтэй холбоотой хэмээн үздэг. Учир нь УИХ-аас дээрх
хуулийг батлахаас өмнөх дөрвөн жилд Монгол Улс 77 тонн алт олборлодог
байсан бол хууль хэрэгжсэн 4 жилд 48 тонн болж алтны олборлолт 38 хувиар
огцом буурсан юм байна.

Түүнчлэн дэлхийн зах зээлд алтны үнэ
2000 оноос хойш тасралтгүй өсч, 2000 онд 1 унц алтны үнэ Лондонгийн
металлын бирж дээр 300 ам.доллар хүрэхгүй байсан бол 2012 онд 1800 ам
доллар болж зургаа дахин өсчээ. Зах зээл дээрх алтны үнэ өсөөд байхад
манай улсад олборлосон алтны хэмжээ буурч байгаа гол шалтгаан нь дээрх
хууль батлагдсантай холбоотой гэж үзэж ирсэн төдийгүй, эргээд хууль бус
алтны олборлолт нэмэгдүүлэх гол хүчин зүйл болсон гэж үзэж Засгийн
газраас УИХ-д Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн
төслийг өргөн мэдүүлээд байгаа нь энэ юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж