Н.Батбаяр: Үнэ хоёр дахин буурсан

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Н.Батбаяр: Үнэ хоёр дахин буурсан

УИХ-ын
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай
хуулийн төслийг хэлэлцээд "Хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзэж, УИХ-ын
гишүүн Д.Зоригтоор ахлуулсан ажлын хэсэг байгуулах шийдвэрт хүрлээ.

Дээрх
шийдвэрийг гаргахын өмнө байнгын хорооны гишүүд хуулийн төсөлтэй
холбогдуулан асуулт асууж, санал хэлэх үеэрээ Эдийн засгийн хөгжлийн яам
нь Монгол Улсын эдийн засгийн бодлогыг тодорхойлж чадаагүй, дээр нь
Засгийн газар гадаад харилцаандаа алдаа гаргаснаар хөрөнгө оруулагчдыг
үргээсэн нь эргээд гадаад валютын нөөц хомсдох шалтгаан болсон.
Импортоос хараат орны хувьд ам.доллар өсөх нь эдийн засагт сөрөг нөлөө
үзүүлж, бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгдсөн төдийгүй түлш, шатахууны
бөөний үнэ жижиглэнгээс үнэтэй болоод байна гэж сөрөг хүчний зүгээс
буруутгав.

Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр
"Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь зөвхөн Шинэчлэлийн Засгийн
газраас явуулсан бодлогоос болоогүй. Өмнөх Засгийн газарт ч буруу бий.
Гэхдээ эдийн засгийн өсөлт буураагүй, энэ оны есөн сарын байдлаар 15
мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орсон нь өнгөрсөн жилийнхээс
3000 айлын орон сууцаар илүү давж байгаа. Валютын нөөц багассан гэж
шүүмжилж байна, багасаагүй. Одоогоор 2.7 тэрбум ам.долларын нөөц бий.
Бараа, бүтээгдэхүүний үнэ ханш өсөөгүй хоёр дахин буурсан үзүүлэлттэй
байгаа" гэв.

УИХ-ын гишүүн А.Тлейхан "Ингэж эрх баригчид
худлаа ярьж болохгүй бүр төөрөлдөж гүйцлээ" гэсэн бол УИХ-ын гишүүн
Г.Уянга "Монголбанкны удирдлагуудад хариуцлага тооцох асуудлыг оруулж
ирэх ёстой" гэсэн санал хэлснээр энэ удаагийн хуралдааныг түр
завсарлууллаа. Байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас үргэлжилж, Алтны
худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх
эсэхийг шийдвэрлэх юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж