Эдийн засгийн байнгын хорооны үдээс хойшхи хуралдаанаар Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцсэнээр өндөрлөлөө. Үүний дараа Эдийн засгийн байнгын хороо, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтарсан хуралдаан хийж, өнөөдөр байгуулсан Урт нэртэй хуультай холбоотой Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.
Энэхүү Ажлын хэсгийг тус хамтарсан Байнгын хорооны өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаас байгуулж, Урт нэртэй хуультай холбоотой санал, дүгнэлтээ нэгтгэн, УИХ-ын Ээлжит бус чуулганаар тус хуулийг хэлэлцэх эсэх дээр байр сууриа нэгтгэх чиглэл өгсөн юм.
Тэгвэл тус Ажлын хэсэг үдээс хойшдоо багтан хуралдаж, гаргасан шийдвэрээ дөнгөж сая Эдийн засгийн болон Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралд танилцууллаа. Хамтарсан хуралдаанаар Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцээд, Ажлын хэсгийн долоон гишүүний зургаа нь буюу олонхи нь Урт нэртэй хууль буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргасныг дэмжлээ.
Тодруулбал, хамтарсан хуралдаанд оролцсон 31 гишүүний 19 нь Ажлын хэсгийн саналыг дэмжиж, дээрх төслийг энэ удаагийн Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр боллоо.