7000 гаруй ажлын байр эрэлт ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

7000 гаруй ажлын байр эрэлт ихтэй байна

Монголын мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд хэрэгжүүлсэн Хөдөлмөрийн зах зээлийн судалгааны үр дүнг танилцуулах семинар Корпорэйт зочид буудлын хурлын танхимд болж байна.  Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн өнөөгийн болон цаашдын төлвийн талаарх судалгааг Их Британийн Кембриж Эдюкейшн Консалтинг, Монгол улсын MEC компаниудын хамтарсан баг явуулсан байна. Судалгааг  2009 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхэлж энэ оны зургадугаар сарын 1-ний өдөр дуусгасан байна. Судалгаанд бүх аймаг, нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эдийн засаг, нийгмийн үндсэн салбаруудын төлөөлөл болсон 1323 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулжээ. Энэ нь манай улсын  регистерт бүртгэгдсэн 36,453 аж ахуйн нэгж байгууллагын 3.6 хувийг хамарч байгаа бөгөөд нийт гурван мянга орчим ажиллагсдаас тусгай судалгаа авсан байна.  Судалгаанд хамрагдсан байгууллага нэгжийн ажиллагсдын тоо хөдөлмөрийн гэрээтэй нийт ажиллагсдын 17.2 хувийг эзэлж байна.   Уг  төлөөллийн хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргахад хангалттай гэж судлаачид үзэж байна.  Судалгаанд, дээр дурдсан  аж ахуйн нэгжүүдээс гадна хөдөлмөрийн нийлүүлэлтийг хангаж буй үндсэн  объект болох  Мэргэжлийн Сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)  болон их, дээд сургууль – 68, мөн түр сургалт эрхэлж байгаа 30 гаруй байгууллага  хамрагдсанаараа онцлог ажээ. Судалгаагаар ойрын хагас жилээс нэг жилийн хугацаанд хэрэгцээтэй байгаа 7000 гаруй ажлын байрны эрэлтийг тогтоож, эдгээрийг мэргэжлийн олон улсын ангилалын (ISCO) кодоор илэрхийлсэн байна. 

Д.Цээнэ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж