Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн Монголын хэсгийг Х.Баттулга сайд ахалдаг бөгөөд уг хэлэлцээрийн хүрээнд хамтран хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа томоохон төслийн нэг нь нүүрснээс шингэн түлш гаргаж авах төсөл юм. Долдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар нүүрснээс бензин гаргах төслийг дэмжин төсөл хэрэгжүүлэх багийг тус яаман дээр байгуулан ажиллаж байгааг Х.Баттулга сайд танилцууллаа. Мөн хөдөө аж ахуйн болоод хүнсний аюулгүй байдлыг хангах тал дээр тус улсаас туршлага судлах хамтран ажиллах хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.
ХБНГУ-ын парламентын гишүүн Михайл Глос хоёр улсын үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжиж байгаад талархаад Монгол Улсын эдийн засаг цаашид зөвхөн ашигт малтмалын нөөцөд биш үйлдвэрлэлд түшиглээсэй гэж хүсч байгаагаа дурдав. Мөн нүүрснээс шингэн түлш гаргах төслийн ажил албан ёсоор эхэлсэнд талархаж, тус улсын технологийг авч хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Цаашид мэргэжилтэй боловсон хүчин сургахад хоёр улс хамтран ажиллах, үйлдвэрлэлийн олон салбарт шинэ технологи нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллах боломжтойг мөн онцолж байсан юм. Тэрбээр Монгол Улсад тав дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд 1976 оноос хойш Парламентын гишүүнээр ажилласан, 2005-2009 онд Холбооны Эдийн засаг, технологийн сайдаар ажиллаж байсан ажээ.