Ашигт малтмалын хайгуулын лицензийг 2009 оноос хойш шинээр олгохгүй байгаа. 1997 онд бидний хэлж сурсанаар “хар нэртэй” энэ хууль анх гарахад үй олон хайгуулын лицензийг олгосноос лицензийн давхардал, наймаа хэрээс хэтэрсэн учраас ийнхүү шинээр олголтыг зогсоосон. 1997 онд Монголын нийт газар нутгийн 44 хувийг хайгуулын лицензээр өгч байсан. Энэ нь тэр үедээ 7000 орчим лиценз байсан бөгөөд дийлэнх нь монголчууд зөвшөөрөл авч байсан гэдэг. Монголчууд ашигт малтмалын салбартаа төрийн оролцоогүй, хувийн статусаар ашиглах хэр их туршлагатай билээ. Гадныхны туслалцаа, хөрөнгө оруулалтгүйгээр авсан тусгай зөвшөөрлөө бүрэн бүтнээр нь ашиглаж чадах нь ховор байдаг. Ингээд л лицензээ бусдад шилжүүлэх, хамтран эзэмших, хөрөнгө оруулагч талтай болох зэрэг асуудлаас болж үндсэндээ лицензийн наймаа цэцэглэн, бүр нийт нутгийнхаа 44 хувийг зөвхөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн зориулалттай болгочихсон. Тиймээс 2009 оноос хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглож, одоогийн байдлаар ашигт малтмалын хайгуул явуулах талбай 11 хувиар буурч, 3286 ширхэг лиценз болон буурсан байна. Ийнхүү дээхнэ үед олгож байсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш иргэд, аж ахуйн нэгжийн амссан хохирол, гадаадынхантай ашигтай хамтран ажиллах зэрэг улсын тулгуур асуудлуудыг шийдэхэд Ашигт малтмалын тухай хууль хангалтгүй байсан юм.
Хуулийн чимээ
Энэ мэт асуудал болон гадныхантай уул уурхайн салбартаа хэрхэн ашигтай хамтран ажиллах үндсэн чиг үүрэг болох Ашигт малтмалын тухай хуулийг дахин боловсруулах талаар яригдаж эхэллээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулсан. Гэвч гадныхан энэ хууль хэтэрхий чанга, үндсэндээ гадныхныг “түлхсэн” өнгө аястай байхаас гадна Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигтэй уялдах шаардлагатай гэж үзээд хуулийн төслийг өнгөрсөн хавар эргүүлэн татсан. Тэгвэл бодлогын баримт бичгийг УИХ-д өргөн барьсан бөгөөд хэлэлцүүлсэний дараа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар дуулдаж эхэллээ.
У.БОЛОР